Уул уурхайн салбарын 102 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ газрын хэвлийд байгаа баялгаа ард түмний өмч гэж зарлан тунхаглаж, 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн болгох Ардын засгийн газрын шийдвэр гарчээ.
Үүнээс хойш энэ өдрийг Монголын уурхайчдын өдөр болгон тэмдэглэх тухай БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг гарсан байдаг.
Монгол Улсын төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг,
эдийн засгийн тулгуур салбарын нэг уул уурхайн салбарын 102 жилийн ой энэ онд
тохиож байна. Уурхайчдын өдрийг
угтаж “Эрдэнэс Монгол” нэгдлээс “Эрдэнэсийн
цом-2024” хүндэтгэлийн үйл
ажиллагааг зохион байгууллаа. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг үйлдвэрийнхээ нөөцийг шинэчлэн тогтоож, нэмсэн, хиймэл оюунд суурилсан
“Худалдан авалтын цахим систем” нэвтрүүлж, автомат “Эмульсийн үйлдвэр”-ийг
ашиглалтад оруулсан, баяжуулах үйлдвэрлэлийн хүдэр боловсруулах хүчин чадлыг
нэмж, 40 сая тоннд хүргэсэн үзүүлэлтээр
Очир эрдэнийн цомоор, “Багануур” ХК менежементийн үйлчилгээний дүнд
олборлолтоо нэмж, үзүүлэлтүүдээ сайжруулан алдагдлыг бодитоор багасгасан хэмээн Алтан эрдэнийн
цомоор, “Эрдэнэс ҮТП” ХХК үйлдвэрлэл
технологийн 6 паркын төлөвлөгөө боловсруулж, гадаад хамтын ажиллагааг
өргөжүүлэн, нэгдлийн дунд хугацааны стратегийг сайн хэрэгжүүлсэн үзүүлэлтээр
Оюу эрдэнийн цомоор шагнажээ.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх компаниуд энэ онд 4.3 тэрбум ам.долларыг
Монголбанканд төвлөрүүлж, улсын гадаад валютын албан нөөцийн 77 хувийг бүрдүүлжээ. Энэ оны хүлээгдэж буй
гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 5.5 их наяд
төгрөгийн ашигтай ажиллаж, өмнөх оныхтой
харьцуулахад борлуулалтын орлого 6, цэвэр ашиг 22 хувиар нэмэгдсэн дүнтэй гарахаар байгаа аж.