Нийслэлийн төсөвт ирэх онд 3,8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-25 17:21:56

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсвийн төслийг баталлаа.


Нийслэлийн төсөвт ирэх онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталснаас 85.9 хувь буюу 3,314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэх юм.

Түүнчлэн нийслэлийн ирэх оны төсвийн зарлагын 38.1 буюу 1,329.3 тэрбум төгрөгийг урсгал, 50.4 хувь буюу 1,720.2 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулах зээлийн эргэн төлөлтөд, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан 3 дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөжээ.


Нийслэлийн 2025 оны төсвийг төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг татварын бодлоготой уялдуулах, бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэх, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг багасгаж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, төсвийн орлогын боломжит эх үүсвэр бүрийг тооцож, Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу үр ашигтай, ил тод, хэмнэлттэй байх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан дараах үндсэн бодлогын хүрээнд боловсруулсан байна.


Үүнд:

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг багасгана.

Улаанбаатар хотын холбоос замыг нэмж, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна.

Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэхээр тусгасныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ