Эрүүл мэндийн цахим шилжилтийг цогцоор шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-26 09:02:40

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Манай улс цахим эрүүл мэндийн олон улсын индексээр 5-аас 2.9 оноо авчээ.


Ингэхдээ стратеги-хөрөнгө оруулалт, ажиллах хүчний чадавх, стандарт-зохилдлого, үйлчилгээ-апп хэсгийг үнэлэх боломжгүй хэмээн дүгнэсэн байна. Тиймээс дээрх чиглэлд шийдлийн технологийг нэвтрүүлэх шаардлага байна. Харин аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлаар Ховд, Увс, Завхан, Дорнод, Дорноговь тэргүүлжээ.


Эрүүл мэндийн салбарыг цахим болгохыг эрчимжүүлж, иргэдэд үр дүнгээ өгөх шийдлийг ярилцахаар ЦХИХХ-ны болон Эрүүл мэндийн сайд нар уулзлаа.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Эрүүл мэндийн цахим шилжилт нь хүн бүрд мэдрэгдэж, хэдхэн минут гацахад иргэд дургуйцлээ хамгийн их илэрхийлдэг. Мөн эмийн бүртгэлийг цаашид яах вэ гэх асуудал ч байна. Үүнийг блокчейн технологиор шийдсэн улсууд ч бий. Хамгийн олон цахим систем эрүүл мэндийн салбарт байгаа учир үүнийг интеграчилах нь чухал” гэв.


Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Эрүүл мэнд болон ЦХИХХ-ны сайдын хамтарсан тушаалыг яаралтай шинэчлэн батлахыг уулзалтын үеэр ажлын хэсгийнхэнх хөндлөө. ЭМЯ-наас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй датаг цуглуулж, боловсруулж, ашиглахад анхаарна. Энэ чиглэлд өгөгдөл давхардсан, хэрэгцээгүй дата байгаа учир эхнээс нь цэгцэлж, боловсруулахад ЦХИХХЯ-тай хамтарч, өгөгдлийн аюулгүй байдлыг хангаж, суурь асуудлыг шийдэхээр зорьжээ.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хоёр сайдын хамтарсан журмыг шинэчлэхийг дэмжиж байна. Эрүүл мэндийн салбарын цахимжилтийг иргэдэд мэдрүүлж, бодит үр дүнд хүрэхийн тулд шийдэл хэрэгтэй. Манайх шиг тархай бутархай нутагт цахимжилт бол үр дүнтэй шийдэл юм. Цахим болгочихоод цаасаар давхар бүртгээд байвал утгагүй. Цахимаар, утсаар, биеэр очиход өөр өөр цаг авч байгаа мэт уялдаагүй асуудлыг цогцоор шийдэх нь чухал” хэмээн ярив.


Он гарсаар Эрүүл мэндийн байгууллагын систем хөгжүүлэгч 7 аж ахуйн нэгж дээр 175 веб сервис тохируулаад байна. Үзлэгийн цаг авах, эмийн жор бичүүлэх, эмийн жор дээрх эмийг худалдаж авсан, шинжилгээний хариу гарах, бусад эмнэлгээс өвчтөний мэдээлэл харах, даатгалтай тусламж үйлчилгээ авах, эмнэлэг нэхэмжлэх, гуравдагч этгээдэд дамжуулах, эмч товлолт үзлэгээр тухайн иргэнийг дуудад үед И-Монголоор дамжин мэдэгдэл очдог аж.  


Мөн Монголд бүртгэлтэй бүх эмийн жорыг цахимд шилжүүлжээ. Арваад төрлийн 120 гаруй эмийн хэрэглэх заавар, хориглож заалт, гаж нөлөөний талаарх аудио тайлбар, дохионы хэл, текст хэлбэрээр оруулжээ. Тиймээс иргэд И-Монгол апп, КИОСК, гар утсанд суурилсан мэдээлэл авахаас гадна ХУРДАН цэгээр дамжуулан эмнэлгийн цаг, бусад үйлчилгээг авч болно. Тус цэг нийслэлд 1, 3-р эмнэлгийн хүлээн авах хэсэгт, Завхан, Говь-Алтай, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт бий. Тодруулбал, 1-р эмнэлэг 40510, 3-р эмнэлэг 17579 буюу нийт 58,089 үйлчилгээ үзүүлжээ.

Холбоотой мэдээ