СҮХБААТАР: Хүүхдийн тасгийн ачаалал 3 дахин нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр томуу, томуу төст өвчин аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд шилжжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал гурав дахин нэмэгдэж, 44 ортой хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 139 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлэгсдээс 134 нь амьсгалын замын цочмог халдвараар оношлогдсон байна. Орны ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор мэдрэл, сэргээн засах, халдвартын тасаг болон эмч, ажилтнуудын ур чадварын өрөөнд нэмэлтээр 95 ор дэлгэжээ.
Харин сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт 105 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 65,7 хувь нь мөн дээрх оноштой байна. Эрдэнэцагаан сумын ЭМТ нэмэлтээр зургаан ор
дэлгэжээ.