СЭЛЭНГЭ: Аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дахин шинэчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын
"Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-г ирээдүйн бүтээн байгуулалт, хөгжилтэй
уялдуулж, дахин шинэчилж боловсруулах ажлын баг ажилдаа
орлоо.
Багийн бүрэлдэхүүнд
Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын удирдлагын баг, аймгийн Газрын
харилцаа барилга хот байгуулалтын газар, мөн төрийн болон төрийн бус
байгууллагын төлөөллүүд багтжээ.
Сумын хөгжлийн
ерөнхий төлөвлөгөөг 2013 онд баталсан боловч дунд хугацааны 10 жилийн хугацаа
нь дуусгавар болсон юм. Мөн энэхүү хөгжлийн төлөвлөгөө нь бодит байдал дээр
нийцэхгүй болсон учраас зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн байна.
Тодруулбал, Сүхбаатар хотод 70мВт цахилгаан дулааны
станц барьж байгаатай холбогдуулан дулаан цахилгаанаар ажиллах жижиг, дунд
үйлдвэрлэлүүд нэмэгдэх, ажлыг байр өсөх, орон сууцжуулах бодлого зэрэг томоохон
бодлогын чанартай ажлууд хийх юм.
Түүнчлэн
Сүхбаатар суманд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихөөс гадна аялал жуулчлал хөгжих
бүрэн боломж бий. Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт газрууд Сүхбаатар хотыг тойроод
байрладаг. Иймээс Сүхбаатар хот орчмын менежментийн аялал жуулчлалын төлөвлөгөөг
мөн боловсруулж байна.
Энэхүү боловсруулж
байгаа Сүхбаатар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зургийн ажил илүү цэгцтэй,
ойлгомжтой, оновчтой, ирээдүйн хөгжилд чиглэсэн байх юм.