ХӨВСГӨЛ: Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Мөрөн хотын Засаг дарга Х.Тайванбаяр Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтлөхөд манлайлан ажиллахыг аж ахуйн нэгж, албан байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт уриаллаа.
Х.Тайванбаяр “Монгол бичиг бол хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, бичиг соёлын хөгжилд монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр бөгөөд эх бичгээ сурах, судлах, хамгаалах, өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг юм” гэдгийг онцоллоо.
Монгол хэлний тухай хуулийн 7.2-т “үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” хэмээн заасан ба энэхүү заалтыг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан.
Энэ дагуу Мөрөн хотын албан байгууллага, аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч
нар монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих
үндсэн шаардлага, стандартын дагуу албан хэргээ кирилл болон үндэсний хос
бичгээр хөтлөн явуулахыг үүрэг, чиглэл болголоо.