ХОВД: Зэрлэг амьтдын өвөлжилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-03 13:04:42

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 3/МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар зэрлэг амьтдын өвөлжилт хэвийн байна.

Сумдад хийсэн ажиглалт, судалгаагаар одоогийн байдлаар зэрлэг амьтдын өвөлжилт хэвийн байна гэж Ховд аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Тус аймгийн нутаг дэвсгэрт аргаль, бөхөн, янгир, цоохор ирвэс, зэгсний гахай, борцгор хотон гэх мэт Улаан номд бичигдсэн нэн ховор, ховордсон амьтад тархсан байдаг.

Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир тавьж өгөх ажлыг Амьтны тухай хуульд биотехникийн үйл ажиллагаа хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан.

Үүний дагуу 2023-2024 оны өвөл, хавар 23 цэгт зэрлэг амьтдын амьдрах орчныг дэмжих, тогтворжуулах зорилгоор биотехникийн үйл ажиллагаа зохион байгуулж, өвс, хужир шүү, тэжээл авахад 55 сая орчим төгрөг зарцуулжээ.  

Уг ажлыг Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй тусгай хамгаалалттай газрын захиргаа, байгаль хамгаалагчид үе шаттай хэрэгжүүлсэн юм. 

Энэ онд мөн биотехникийн ажил зохион байгуулах ба одоогоор урьдчилсан төлөвлөгөө, санал боловсруулж байна гэж Ховд аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ