Өнгөрсөн 4 жилд 3.8 тэрбум төгрөгөө гадны барилгын компаниудад өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-21 13:26:22

Сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт барилга бүтээн байгуулалт нэмэгдэж, хөгжиж дэвжиж байгаа талаар хэн хүнгүй ярих болсон. Гэвч өнгөрсөн хугацаанд “төсвийн хөрөнгөөр хийгдсэн өртөг, ашиг ихтэй ажлуудыг Улаанбаатар хот болон бусад аймгийн компаниуд сорчлон авч, орон нутгийн аж ахуйн нэгж, барилгын салбарын мэргэжилтэй хүмүүс ажилгүй, орлого багатай өнгөрөөлөө” хэмээн Хэнтий аймгийн барилгын салбарынхан гомдоллож байна.

Өнгөрсөн 4 жил орон нутгийн бус компаниудын хийж гүйцэтгэсэн ажлын дүн 3 тэрбум 800 сая төгрөг болжээ. Тодруулбал, Өндөрхаан хотын гудамж талбайг камержуулах ажлыг 339.7 сая төгрөгөөр "Меротек" ХХК, Бэрх тосгоны 7 байрны подвалийн сантехникийн засварыг 134.0 сая төгрөгөөр, Гэр хорооллын айл өрхийг дулааны шугам сүлжээнд холбох ажлыг 135.0 сая төгрөгөөр тус тус "Нүнжиг" ХХК, Хүүхэд залуучуудын “ОЛИМП” цогцолбор байгуулах ажлыг 800.0 сая төгрөгөөр "Тулга констракшн" ХХК, "Тэмүүжин" 60 айлын хаус хорооллын гадна хашааны ажлыг 325.0 сая төгрөгөөр “ӨВМТХ” ХХК, Батширээт сумын Эгийн голын модон гүүр, Хурхын голын гүүр, Хурх тосгоны Баруун баяны гүүрний ажлуудыг "Үвгэн Баавай" гэх Улаанбаатар хот болон бусад аймгийн компаниуд тус тус гүйцэтгэсэн байх жишээтэй.

56 жилийн түүхтэй Хэнтий аймгийн барилгын салбарт өнөөдөр 40 гаруй аж ахуйн нэгж дөнгөн данган үйл ажиллагаагаа явуулж байна. Тус салбарынхан саяхан батлуулсан  Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудад Орон нутгийн аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж ажиллана”... гэсэн заалт орсонд тун ч сэтгэл хангалуун байгаа аж. Гэхдээ барилгын чанар, ажиллах хүч, техник технологи гээд Хэнтийн барилгын салбарынханд шаардлагатай, сайжруулах ёстой олон зүйлс бий гэдгийг мартаж болохгүй. Энэ бүхнийг ойлгож дэмжиж, тодорхой өндөр дүнтэй тендерүүдийг орон нутгийн компаниуддаа өгснөөр тэдний чанар, чадвар нь нэмэгдэнэ хэмээн аймгийн удирдлагууд үзэж байгаа юм.

Хэнтий Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ