СЭЛЭНГЭ: “Дэлгэцтэй биш, дэлгэсэн номтой нөхөрлөе” уламжлалт аян эхлэхэд 2 хоног үлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-04 14:04:16

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас сурагчдын өвлийн амралтын үеэр хүүхэд, залуус, иргэдийнхээ дунд “Дэлгэцтэй биш, дэлгэсэн номтой нөхөрлөе” аяныг зохион явуулдаг уламжлалтай.

 

Энэ удаа нэгдүгээр сарын 6-24-нийг хүртэл явуулахаар зарлаад байна.

 

Аяны гол зорилго нь хүүхэд залуусын амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх, зүйр үг, шүлэг найраглал, үлгэр, номоор дамжуулан мэдлэг мэдээллийг бусдад хүргэх, сурталчлан таниулах, нийгэмд эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдгээрээ онцлогтой.

 

Тус аянд Сэлэнгэ аймгийн хүүхэд багачууд, залуучууд, ахмад настнууд, иргэд бүгд оролцох боломжтой юм.

 

Аяны талаар Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн захирал С.Шинэчимэгээс тодрууллаа.

 

-Танай номын сангаас уламжлалт аянаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн аяны онцлог, ямар ажил зохион байгуулах талаар тодруулна уу?

-Аянаа нэгдүгээр сарын 6-24-ний өдөр хүртэл зарлалаа. Энэ зарласан хугацаанд оролцож байгаа хүмүүс хэд хэдэн ажлыг хийсэн байх ёстой. Энэ аянд хүүхэд, хөгшид, залуучууд, байгууллага, хамт олон бүгд оролцож болохоороо онцлогтой. Бид 4 гол зүйлээр ажлаа дүгнэж, хүмүүсээ шалгаруулна.

 

Нэгдүгээрт, “Миний уншсан номын тэмдэглэл”. Энд оролцогчид өөрийн уншсан номоор бүтээлч номын тэмдэглэл хийж бичлэг, зураг хийж ирүүлнэ.

 

Хоёрдугаарт, “Зүйр үг хэн сайн мэдэх вэ?”. Үүнд цээжилсэн зүйр үгийг тод, цэвэр хэлсэн бичлэгээ мөн хийж явуулна.

 

Гуравдугаарт, “Заавал унших монгол, шүлэг найраглал”-ыг бид жагсаалтаар өгсөн. Эдгээр шүлэг, найраглалыг уран тод, цээжээр уншиж бичлэг хийж ирүүлнэ.

 

Дөрөвдүгээрт, монгол ардын болон дэлхийн сонгодог үлгэр ярина. Оролцогчид үлгэр ярьж буй бичлэгээ хийж илгээх даалгавартай байгаа.

 

-Заавал унших шүлэг, найраглалд хэн гэдэг зохиолчийн ямар шүлэг, зохиол байгаа вэ?

-Энд Д.Нацагдоржийн  “Миний нутаг”, Б.Ринчений “Монгол хэл”, Ц.Дамдинсүрэнгийн “Хоёр настай Ро”, Ч.Чимэдийн  “Би монгол хүн”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?”, М.Цэдэндоржийн “Морин хуур”, Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол”, П.Бадарчийн  “Есөн эрдэнийн орон”, Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад би баян байсан”, О.Дашбалбарын  “Хүмүүсээ амьддаа бие биеэ хайрла”, Б.Батхүүгийн “Төрөлх монгол хэл шүлэг” гэсэн 11 бүтээл орсон.

 

-Аянд оролцож бичлэгээ илгээсэн иргэдээ ямар шалгуураар дүгнэж, урамшуулах вэ?

-Аянд оролцож байгаа хүмүүс аль нэг төрлөөр болон бүх төрөлд нь оролцох боломжтой. Номын тэмдэглэл, зүйр үг, шүлэг найраглал, үлгэр ярих бичлэг хийх гээд. Хамгийн гол нь ирж байгаа материал бичлэг, дуу дүрсний чанарыг маш сайн хангасан байхыг чухалчилна.

Бид Сэлэнгэ аймаг нийтийн номын сан фэйсбүүк хаягаар бичлэгээ хүлээн авна. Ирсэн бүтээлээ цахим хаягт нийтэлнэ.

 

Ингээд цахим хандалт 30 оноо, шүүгчдийн оноо 70 гээд нийт 100 оноогоор шалгаруулна. Төрөл тус бүрд  шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулахаар төлөвлөсөн байгаа.

 

Холбоотой мэдээ