О.Энгүүн: Би энэ онд номын тэмдэглэл хөтөлж, англи хэл дээр ном унших зорилт тавьсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-06 10:47:59

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хамгийн олон ном уншсан бяцхан О.Энгүүнтэй ярилцлаа.

 

-Сайн байна уу, өөрийгөө танилцуулна уу?

-Намайг О.Энгүүн гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 4б ангид сурдаг.

 

-Чиний хамгийн дуртай зүйл, хобби юу вэ?

-Миний хобби ном унших, төгөлдөр хуур тоглох. Бас математик, англи хэлний хичээлд дуртай.

 

-Чамайг маш олон ном уншсан гэж сонслоо. Өнөөдрийн байдлаар хэдэн ном уншаад байна?

-Би нэгдүгээр ангиасаа эхлээд ном уншсан. Цуврал номуудаа оруулбал ойролцоогоор 150 гаруй ном уншсан.

 

-Ном унших дуртай болоход хэн нөлөөлөв?

-Намайг ном уншихад дуртай болгосон хүн бол миний ээж. Манай ээж намайг жаахан байхаас эхлээд орой болгон дүү бид хоёрт ном уншиж өгдөг байсан. Бас Улаанбаатар хотод болдог номын баяраар жил бүр явж дуртай номыг минь авч өгдөг.

 

-Ямар зохиолыг түлхүү уншдаг вэ?

-Би 1, 2-р ангид байхдаа Доктор Сьюзийн номууд, Цондоолой Цүндээлэй, Динзагийн цуврал комик ном унших дуртай байсан. Харин одоо Хэрсүү охины өдрийн тэмдэглэл, Санхүүч хэрэм, Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл, Амарзаяа зохиолчийн номууд, Харри Поттер уншдаг. Яг одоо би Малала номыг уншиж байна.

 

-Ном уншиж байх үеийнхээ мэдрэмжээс хуваалцахгүй юу?

-Ном уншиж байхдаа би маш аз жаргалтай байдаг. Сонирхолтой, адал явдалтай, хөгжилтэй байдаг.

 

-Уншсан номоо хэрхэн бусадтай хуваалцдаг вэ?

-Би уншсан номныхоо тухай гэр бүлийнхэндээ, найзуудтайгаа ярилцдаг.

 

-Ном уншсанаар өөрт үзүүлж байгаа эерэг нөлөөлөл юу байна вэ?

-Би ном их уншсанаар тогтвортой, тэвчээртэй, тууштай болсон гэж бодож байна.

 

-Одоо хүүхдүүд гар утас их хэрэглэдэг болсон. Өөрөө хэдэн цагийг цахим орчинд өнгөрүүлдэг вэ?

-Би өдөрт 15- 30 минут л цахим орчинд бичлэг үздэг.

 

-Номыг хэрхэн яаж уншдаг арга барилаасаа хуваалцахгүй юу?

-Би Сэлэнгэ аймгийн нийтийн номын санд карт нээлгээд номоо аваад танхимаар болон гэртээ авч явж уншдаг. Тэгээд хичээлдээ явахдаа болон ийш тийшээ явахдаа цүнхэндээ уншиж байгаа номоо байнга авч яваад унших боломж гарвал уншдаг.

 

-Номын ач тусын талаар бусад хүүхдэд хэлж өгөөч?

-Ном унших маш их ач тустай гэж би боддог. Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлнэ. Мөн бичих чадвар сайжирдаг, тогтвортой, тэвчээртэй болно шүү.

 

-Нэг номыг ямар хугацаанд уншиж дуусгадаг вэ?

-Би зураггүй 300 хуудастай номыг ойролцоогоор 3 хоногт уншдаг. Гэрийн даалгавраа хийчихээд номоо уншдаг.

 

-Номын тэмдэглэл хөтөлдөг үү?

-Заримдаа л хөтөлдөг. Би 2025 оны зорилтоо бичсэн. Энэ жил уншсан номын тэмдэглэлээ хөтөлнө, бас англи хэл дээр ном уншина гэж төлөвлөсөн.

 

-Найзууддаа, үе тэнгийхэндээ зориулж юу хэлэхсэн бол?

-Найзууддаа " Ном сайн уншаарай, номтой нөхөрлөөрэй" гэж хэлмээр байна.

Холбоотой мэдээ