АРХАНГАЙ: Малчид 662.6 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-06 13:00:54

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн малын тоо толгой өнгөрсөн оныхоос 15 хувиар буурсан байна.


Малын тоо буурахад малчид 2024 оны эцсийн байдлаар гэхэд 662.6 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан нь нөлөөлсөн. Мөн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын улмаас нийт мал сүргийн 19.5 хувь нь буюу 944.6 мянган толгой мал хорогдсон нь нөлөөлжээ.  


Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2024 оны эцэст 4081.8 мянган мал тоолуулсан. Төрлөөр нь задалбал 444.8 мянган адуу, 664.9 мянган үхэр, 1.5 мянган тэмээ, 1805.6 мянган хонь, 1164.9 мянган ямаа байна.


Малын төрлөөр өмнөх онтой харьцуулахад хонь 586.4 мянган (24.5%), ямаа 99.6 мянган (7.9%), үхэр 76.1 мянга (10.3%), адуу 3.7 мянга (0.8%)-аар тус тус буурсан бол тэмээ 0.2 мянгаар (14.3%) өсжээ.

 

Үүний дотор Хашаат, Цэнхэр сумын малын тоо өмнөх оноос 6.5-7.2 мянгаар өссөн байна. Харин бусад сумын малын тоо 1.2-136.7 мянгаар буурсан байна.

Холбоотой мэдээ