СЭЛЭНГЭ: Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн саналыг тусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-09 10:57:21

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогоор ахлуулсан ажлын баг Хушаат суманд ажиллаж байна.

 

Ажлын баг сумын удирдлагууд, ЗДТГ-ын баг, эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг төсвийн байгууллагуудын удирдлага, төлөөлөлтэй уулзаж, цаг үеийн мэдээлэл, тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцаж байна.

 

Мөн зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт санал авах юм.

 

2000 гаруй хүн амтай, 84000 толгой малтай тус сум өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ. Сумын хэмжээнд халаалт дулааны ямар нэг асуудалгүй төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явж байна.

 

"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд Хушаат сумын 33 хоршоо санхүүжилтийн зээл авч үйл ажиллагаагаа эрхэлж байна. Ерөнхий боловсролын сургууль мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан бөгөөд байгалийн шинжлэх ухааны хичээлээр ЭЕШ-д аймагтаа тэргүүлж байгаагаа сургуулийн захирал энэ үеэр онцолсон.

 

Харин Эрүүл мэндийн төв боловсон хүчний дутагдалтай байгаа гэв. Ажлын баг үдээс хойш сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно.

Холбоотой мэдээ