СЭЛЭНГЭ: Албан хэргийг хос бичгээр хөтлөх ажлыг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-10 10:34:44

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас төрийн албан хэрэг хөтлөлтийг  кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтлөх ажлыг эрчимжүүлж байна.

 

Дээрх ажлын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл-тэй хамтран “Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” MNS 6395:2022 стандартын онолын мэдлэгийг бататгах, монгол бичгийн программ дээр ажиллах, дадлага олгоход чиглэсэн сургалтыг зохион байгуулж байна.

 

Сургалтын гол зорилго нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэж байгаа юм.

 

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын газар, хэлтэс, албадын архив, бичиг хэргийн ажилтнууд хамрагдаж байна.

 

Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтөлнө” 24 дүгээр зүйлийн 24.2-т Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан.

 

Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх тухай Монгол Улсын Их хурлын 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, Засгийн газрын 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, Засгийн газрын 7 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” MNS 6395:2022 стандартыг Архивын ерөнхий газраас хариуцан боловсруулж, Стандарт хэмжил зүйн газрын даргын С/13 дугаар тушаалаар баталсан байна. 

Холбоотой мэдээ