Ц.Наранчимэг: Төрийн аудитын албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-10 12:34:54

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар  тогтоолоор баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын дагуу Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хорооны гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг өнгөрсөн оны арвандүгээр сарын 20-ны өдөр 430 албан хаагчийн дунд зохион байгуулжээ.


Улмаар хамгийн өндөр санал авсан долоон хүнийг уг хорооны гишүүнээр томилсон юм. Харин тус хороо анхдугаар хурлаа хийхдээ Ц.Наранчимэгийг даргаар сонгожээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн А/104 дүгээр тушаалаар байгуулсан Ёс зүйн дэд хороо Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны  гишүүдтэй албан ёсны уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.


Тус уулзалт нь Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлахын өмнөхөн болсноороо онцлогтой бөгөөд үр дүнтэй уулзалт болсныг талууд онцоллоо. Энэ үеэр өмнө нь ажиллаж байсан Ёс зүйн зөвлөлийн хийсэн ажлыг Үндэсний аудитын газрын Тамгын дарга, тэргүүлэх аудитор Б.Бундхорол Ёс зүйн хорооны гишүүдэд танилцуулав. Уулзалтаар УИХ-ын 2024 оны 27 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ажиллахад ТАБ-ын Ёс зүйн дэд хороо манлайлж ажиллахыг Ёс зүйн хорооны зүгээс хүсэж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрхэн ойлгож, мөрдөж ажиллах талаар ойлголт мэдлэг өгөхөөс гадна төрийн албан хаагчийн ёс зүйн төлөв байдлын судалгаа, эрсдэлийн үнэлгээ, ёс зүйн мэдүүлэг хөтлөх зэрэг томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллахыг онцлов.


Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахиулахын тулд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр түлхүү ажил зохион байгуулж ажиллах, мэргэжлийн ёс зүй, байгууллагын дотоод зөв, хандлага, соёлыг бий болгож төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг ТАБ-ын Ёс зүйн дэд хорооны гишүүдэд зөвлөлөө. Уулзалтын үеэр Ёс зүйн дэд хорооны дарга Ц.Наранчимэг Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах, сургалтад хамруулах, сургагч багш болгох тал дээр дэмжлэг үзүүлэх, ТАБ-ын нийт албан хаагчдад ёс зүйн хууль тогтоомж, дүрэм журмын талаар сургалт зохион байгуулж өгөх хүсэлтээ уламжилсан байна.



Тэрбээр, “Нэн түрүүнд төрийн аудитын албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл, ёс зүйн зөрчил гаргасны дараа хариуцлага тооцох бус албан хаагчдаа соён гэгээрүүлж, алдаа дутагдал гаргахаас сэргийлэх юм. Энэ талын мэдлэг, мэдээллийг сайжруулах үүднээс сургалт зохион байгуулахаар зэхэж байна. Энэ нь бидний ажлын эхлэл байх юм. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороотой албан ёсны уулзалт хийж байгаа юм. Уг уулзалтаар жилийн төлөвлөгөөгөө гаргаж, тэр дагуу ажиллана” гэв. 

Холбоотой мэдээ