ӨМНӨГОВЬ: “Интеграцид суурилсан багшлахуй суралцахуй” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-10 17:39:46

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Интеграцид суурилсан багшлахуй суралцахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг нэгдүгээр сарын 9-ний өдөр зохион байгууллаа.

 

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг багш нарын дунд үндэсний хэмжээнд 57 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

 

Эрдэм шинжилгээний хурлын нэгдүгээр шатанд ерөнхий боловсролын сургуулийн 74 багш, сургуулийн өмнөх боловсролын 45 багшийн 52 илтгэл ирснээс хоёрдугаар шатанд 30 багшийн 10 илтгэл шалгаран оролцжээ.

 

Сургуулийн өмнөх боловсролын түвшинд тэргүүн байрт “Үлгэрийг интеграцчилж хүүхэд бүрийг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэлээр Даланзадгад сумын хоёрдугаар цэцэрлэгийн багш А.Бямбасүрэн, хоёрдугаар байрт “Монтессорийн арга зүйг хэрэгжүүлэн сургалт, үйл ажиллагааг интеграцчилах, хүүхдийн суралцахуйн үйлийг дэмжин ажилласан үр дүнгээс” сэдэвт илтгэлээр Цогтцэций сумын 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгч У.Шинэсар, А.Байгальмаа багш нар, гутгаар байрт Даланзадгад сумын 23-р цэцэрлэгийн арга зүйч Ж.Соёл-Эрдэнэ "Нэгдмэл сургалтын арга зүйг төсөлт ажил хувилбараар улаан малгайт сэдвээр туршин хэрэгжүүлсэн нь" сэдэвт илтгэлээр тус тус эзэлжээ.

 

Харин Ерөнхий боловсролын түвшинд тэргүүн байрт Ханбогд сумын нэгдүгээр сургуулийн багш Б.Ариунцэцэг, О.Бадамханд нарын “Сурагчдын санхүүгийн боловсролыг төсөлт ажилд суурилан арга зүйн интеграциар дэмжих нь” сэдэвт илтгэл, хоёрдугаар байрт Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Н.Мандах, С.Цэрэнжаргал, С.Сугирмаа, М.Оюунсүрэн, А.Отгонтуяа багш нарын “Интеграцид суурилсан хүний нөөцийн төлөвлөлт” сэдэвт илтгэл, гуравдугаар байрт Даланзадгад сумын тавдугаар сургуулийн багш Ц.Өнөрбаяр, О.Өнөржаргал, Т.Мөнхсайхан, Э.Энхцэцэг нарын “Нэгж хичээлд интеграци хийх боломж, туршилт үр дүн” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.

 

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар багш нарын заах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх, ажиллах явцад тулгамдаж байгаа асуудлыг гаргаж ирж хэлэлцэж байгаагаараа онцлог байна. Мөн эрдэм шинжилгээний хурлын дараа багш нарын дунд илтгэлийн агуулгаар дүн шинжилгээ хийж мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж ажилласан нь үр дүнтэй ажил боллоо.


Түүнчлэн “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн харьяа шинжлэх ухааны сургуультай хамтран ажиллаж, Боловсролын яамнаас ирүүлсэн нэгдсэн удирдамжийн дагуу илтгэлүүдийг шүүн тунгаажээ. 

Холбоотой мэдээ