Гэмтлийн эмнэлэг эхэлж нисдэг тэрэгний зогсоолтой болох нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-21 17:26:15

Зам тээвэр хөгжлийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийнхэн “Яаралтай түргэн тусламж”-ийн зориулалтаар ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой байршлуудад газар дээр нь ажиллаж, судалгаа хийв.

Ажлын хэсгийнхэн нисдэг тэрэг бууж болох газруудаас сонгон нэгдүгээр эмнэлгийн хашаанд шинээр барихаар төлөвлөж буй 6 давхар авто машины гараж, Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу, ГССҮТ-ийн баруун урд авто зогсоол, зүүн талын сагсны талбай, Гуравдугаар эмнэлгийн хойд талын авто зогсоол, Түлэнхийн төвийн барилга дээр, БЗД-ийн АУИС-ийн харьяа бага эмнэлгийн барилгын дээвэр зэрэг газруудыг судалжээ. Эдгээр  байршлаас эхлээд Сэлбэ голын эрэг дагуу болон ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудад танилцуулахаар болсон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ