Энэтхэг улсын Эксим банктай байгуулах зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд
Ц.Туваан “Манай улс Энэтхэг
улсын Эксим банкны хөнгөлөлттэй
зээлийн санхүүжилтээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг 2017 оноос
хэрэгжүүлж байна. УИХ-аас төслийн санхүүжилтэд
шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрүүдийг 2017,
2019 онд соёрхон баталсан. Төслийн хэрэгжилтийн явцад “Монгол газрын тос
боловсруулах үйлдвэр”-ээс EPC-4 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга
байгууламж, газрын тос боловсруулах ажлын төсөвт өртөг нэмэгдэх талаар
мэдэгдсэн. Төслийн
өртгийн нэмэгдлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөл 2023 оны есдүгээр
сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар буюу хуучин
төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллароор нэмэгдэхээр баталгаажуулсан. Үүний дагуу Засгийн
газраас Газрын тос боловсруулах
үйлдвэр барих төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Энэтхэг Улсын Эксим банкны зээлийн эх
үүсвэрээр санхүүжүүлэхээр зээлийн
хэлэлцээрийг хийгээд байна”
гэж танилцуулав.
Энэтхэгийн талаас 464 сая ам.долларын
нэмэлт санхүүжилт нь EPC-4 багц ажлын хүрээнд зарцуулах тул 2019 онд тус багц
ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг цуцалж,
шинээр байгуулах хэлэлцээрийн дүнд нэгтгэсэнээр, нийт 700.0 сая ам.долларын
зээлийн хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төсөлд тусгажээ. Зээлийн хэлэлцээрийн
төсөлд Энэтхэгийн талаас өмнөх зээлийн хэлэлцээрийн нөхцөлүүдээс гадна дараах 3
нөхцөлийг шинээр тусгасан
аж. Тодруулбал, төслийн хүрээнд дахин нэмэлт санхүүжилт
шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх, төслийн хүрээнд олох бүх
орлого авлагыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Монгол Улс дахь банкны дансаар
дамжуулах, хэрэв
зээлийн хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй буюу
зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “Монгол газрын тос
боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос
шууд татан авах, зээлийн
хэлэлцээрийн хүрээнд төлбөрийн үүрэг дуусах хүртэл буюу 2040 он хүртэлх
хугацаанд Газрын тос боловсруулах үйлдвэрийн орлогод дарамт үүсгэх аливаа
асуудалд Эксим банктай
зөвшилцөх зэрэг нөхцөлийг тусгажээ.
Нэмэлт санхүүжилтийн зээлийн эх үүсвэр нь өмнөх зээлүүдийн адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна. Энэхүү зээлийн хэлэлцээр нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг бүрэн хэрэгжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад чухал ач холбогдолтой аж.
Хуралдаанаар
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг
Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн
төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд
оролцсон 17 гишүүний 12 нь дэмжив. Иймд санал дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй
байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.