Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 15 /Yonhap/. Өнөө өглөө саатуулагдсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзаж, дуугүй байх эрхээ эдэлсэн гэж Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газраас мэдээлжээ.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Юн Сог Ёлийг мөрдөгчид онц байдал тогтоосонтой нь холбогдуулан байцаалт авахаар баривчилсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Харин Юн Сог Ёль мэдэгдэхдээ “цус урсахаас зайлсхийхийн тулд байцаалт өгөхөөр би сайн дураараа гарч ирсэн" гээд "мөрдөн байцаах ажиллагааг хууль ёсны дагуу явуулж байна гэж үзэхгүй байна" гэж цохон тэмдэглэжээ.
Байцаалт орон нутгийн цагаар 11.00 цагт эхэлж, 13.30 цагт дуусжээ. Байцаалтыг дүрс бичлэг хийдэг өрөөнд явуулсан боловч Юн Сог Ёль зөвшөөрөөгүй тул бичлэг хийгээгүй байна. Тэрбээр дуугүй байх эрхээ эдэлжээ.
“Одоогоор тэр байцаалт өгөхөөс татгалзаж байгаа” гэж Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газрын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ. Байцаалтыг явуулахдаа Юн Сог Ёлийн өмгөөлөгчдийг байлцуулсан байна.
Юн Сог Ёль өөрийг нь баривчлах ажиллагааг процедурыг албадах байдлаар дагаж мөрдүүлэхэд чиглэсэн "ямар ч ач холбогдолгүй" тушаалд үндэслэсэн "дур зоргоороо" явуулсан ажиллагаа гэж мэдэгдээд, өөрийг нь саатуулсанд "гүнээ харамсаж байгаагаа" илэрхийлжээ.