Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад айлчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАнкара, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч нар Монгол БНТУ-ын харилцаанд стратегийн түншлэл тогтоосон баримт бичгийг үзэглэнэ.
Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын хамгийн чухал ач холбогдлыг хоёр улсын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрснийг илтгэж хоёр улсын ерөнхийлөгч стратегийн түншлэл тогтоосон тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурна. Евразийн нөлөө бүхий улс, эдийн засгаараа тэргүүлэгчдийн нэг Турк улстай хамтын ажиллагаагаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж байгаа нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес, эдийн засгийн таатай нөхцлийг бий болгоно гэж судлаачид үзэж байна.
Доктор, профессор Д.Уламбаяр ярихдаа “Хоёр улс 1969 оны зургадугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд Анкара хотод Элчин сайдын яамаа нээсэн. Харин Монгол Улсын ерөнхийлөгчийн түвшинд төрийн айлчлалыг 21 жилийн дараа хийж буй. Энэхүү айлчлалын ач холбогдол, хүлээгдэж байгаа үр дүнг мэргэжилтнүүд өндрөөр авч үзэж байна. Ялангуяа айлчлалын хүрээнд болох бизнес форум, уулзалтууд анхаарал татаж байна” гэв.
Тэгвэл Олон улсын харилцаа судлаа Д.Баярхүү “Монгол Улс, БНТУ Иж бүрэн түншлэлийн харилцаатай бөгөөд хоёр улс хамтын ажиллагаагаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэснээр олон салбарт идвэхжих боломж нээгдэж байна” хэмээн онцлов.
1998, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д, Туркийн талаас 1995 онд ерөнхийлөгч С.Демирел, 2002 онд ерөнхийлөгч А.Н.Сезер Монгол Улсад айлчилж байжээ. Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байна.