О.Баасан: Монгол бичгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын багш О.Баасантай цөөхөн хором ярилцлаа. Тэрээр 2015 онд МУБИС-ийн Архангай дахь Багшийн сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөөд өдгөө 5 дугаар сургуульд багшилж байна.
-Энэ оноос эхлэн орон даяар монгол бичгийг албан хэрэглээнд хэрэглэж эхэллээ. Хэрэглэх суурь нь хэр байгаа бол, багш хүний хувьд та ямар бодолтой байна вэ?
-2015 оноос хойш хос бичигтэн болно гээд бэлтгэл ажлууд эхэлсэн. Холбогдох газраас нь монгол бичгээр бичихэд бэлтгэл сайн хангагдсан гэж үзэж байгаа. Гэхдээ миний харж байгаагаар одоогийн нөхцөл байдал нь монгол бичгийн хэрэглээ, үнэлэмж нь харьцангуй өндөр түвшинд биш байна. Яагаад гэхээр монгол бичгийн хэрэглээг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага нь хомс байна. Өдөр тутмын хэрэглээ байх хэрэгтэй болов уу.
Монгол бичгээр хэвлэгддэг цорын ганц хэвлэл “Хүмүүн бичиг” сонин долоо хоног тутам гарч байхад хэд нь захиалж уншиж байна гэдгээс хангалтгүй тоо харагдана.
Энэ төрлийн сонин сэтгүүлээ тогтмол захиалан уншиж, монгол бичгийг хэрэглээ болгоход өөрсдийгөө хөгжүүлснээрээ уялдах боловуу гэж харж байна. Орон нутгийн зүгээс оновчтой зохион байгуулалтыг хийж, дэмжиж, үнэлэмжтэй болгох нь чухал байна.
-Үнэлэмж гэдгийг яаж тодорхойлох вэ?
-Үнэлэмж бол монгол бичгийг хүмүүс хэрхэн хэрэглэж байгаас харж болно. Жишээ нь олимпиадаас харъя. Хүүхдүүд математик, физик гээд шинжлэх ухаан талын хичээлүүдээ түлхүү судалж, сонгон дугуйлангаар хичээллэж, олимпиадад орж байна. Монгол бичиг гэхээр тоо нь багасна. Энэ нөгөө үнэлэмжтэй холбоотой юм. Тэгэхээр монгол бичгийг массаар нь хичээллүүлэх, хэрэглээг нь нэмэгдүүлэх, дуртай болгох тал дээр нь ажиллах нь чухал байна.
-Аймгийн хэлний бодлогын зөвлөлд хэр удаан ажиллаж байгаа вэ?
-Хэлний бодлогын зөвлөлд 2024 оноос эхлэн ажилласан. Аймгийн хэмжээнд монгол бичгийг хөгжүүлэх, цаашлаад ард иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг улам нэмэгдүүлэхэд аймгийн зүгээс тодорхой нэг бодлогоор дэмжээсэй гэж хардаг.
Аливаа уралдаан тэмцээнийг харж байхад шагналын сан харилцан адилгүй байдаг. Магадгүй үүнтэй ч холбоотой байж болох шүү дээ. Ялангуяа монгол бичгийн аливаа уралдаан тэмцээний шагналыг өндөр гаргавал хүүхэд залуусын оролцоо улам нэмэгдэнэ, хэрэглээ ч ихэснэ гэж боддог.
Уралдаан тэмцээнд орж байгаа хүмүүс тухайн уралдааны шагналын санг хардаг. Хэр өндөр шагналтай байна, тэр чинээгээрээ үнэлэмж гарч байдаг. Миний бодлоор үндэсний бичиг үсгийн уралдааныг хамгийн өндрөөр үнэлж, шагналын санг хамгийн өндөр байлгаасай гэж хүсдэг. Спортыг авч үзье. Бөхийн бай шагнал ямар байна, морь, сурын бай, бусад спортын төрлийн шагналууд ямар байдаг билээ. Ингээд харьцуулаад харахад энд нөгөө үнэлэмжийг харж болж байгаа юм. Уралдаанд оролцохдоо хүн бүх хүчээ дайчлан сурч, хөгжиж байж орж байгаа шүү дээ. Үүнийг нь үнэлэх байдлаар бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй юм болов уу гэж хардаг.
-Аймгийн хэлний бодлогын зөвлөл хос бичигтэй болох ажлын бэлтгэл ажлын хүрээнд яг ямар ажил хийв. Аймгаас хэр дэмжсэн бэ?
-Миний харж байгаагаар тухайлсан бодитой ажил хомс. Бичиг үсгийн уралдаан ч юмуу, орон нутагт тохирсон шинэлэг содон ажлыг санаачлаад хэлний бодлогоор дамжуулан бусад холбогдох байгууллагуудын дэмжлэгээр хамтдаа оролцоогоо хангаад явбал хамгийн чухал байна. Ганц монгол бичиг гэлтгүй бүх л зүйл зөвхөн оролцооноос хамаардаг. Иргэдийнхээ бичиг үсгээ дээдлэх, оролцоог нэмэгдүүлэхэд аймаг орон нутгаас оновчтой шийдэл гаргамаар санагддаг.
-Таныг монгол бичгийг сурталчлах, дэлгэрүүлэх үйлсэд хувь
нэмрээ оруулж яваа хүн гэж хардаг. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийг энэ чиглэлд
сургах, монгол бичигт дурлуулах ажлыг хэр хийсэн бэ?
-2015 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байна. Үндэсний бичгийг сурталчлах илүү олон зүйлийг сурах, хөгжих үйлсэд 2017 оноос эхлээд зүтгэж байна. Монгол бичгийг уншаад, бичээд сурчихлаа гээд болчих асуудал биш юм. Цаанаа монгол бичгийн маш тансаг, гайхамшигтай соёлын биет бус өвүүд хамт явж байдаг. Энэ бүхнийг сурахын тулд багагүй цаг хугацаа орно.
2017 онд бичиг соёлын төвд бийрэн бичлэгийн сургалтад суусан. Дараа нь 2023 онд хулсан үзгийн бичлэгийн сургалтад суугаад ямартаа ч өөрийнхөө хэмжээнд аймаг орон нутагтаа монгол бичгээ сурталчлан таниулж, дэлгэрүүлж явна.
Хүмүүс монгол бичгийг уншиж, бичих гэхээсээ илүү монгол бичгийн гайхамшгийг мэдрээд, хараад ирэхээрээ өөрийн эрхгүй дурладаг.
Жишээ нь калиграфаар бичсэнийг хараад “ямар сайхан юм бэ” гэж уулга алдах, дараа нь хулсан үзэгний бичвэрийг харах бүр гайхамшиг. Энэ бүхнийг сурахын тулд монгол бичгийг заавал сурах шаардлагатай юм байна гэдгийг ойлгодог. Тэгэхээр монгол бичгийнхээ гайхамшигт өв соёлоор дамжуулан хөгжүүлэх, хүмүүсийг татах боломж байна гэж харж байна.
2018 оноос 7-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд бийрэн бичлэгийн дугуйланг хичээллүүлж байна. Дан ганц бийр гэхээсээ илүү хүүхдүүдийг маш сайн уншуулж, бичүүлж сургах шаардлага байгаа. Монгол бичгээ мэдэхгүйгээр бийрээр бичнэ гэдэг нь өрөөсгөл юм. Монгол бичгийн хичээл 6 дугаар ангиас эхлэн орж байгаа. Эцсийн дүнд бүх хүүхдүүд сайхан уншиж, бичиж сураасай. Дараа нь аль сонирхож байгаа бийр байна уу, хулсан үзэг байна уу судалж, сурч, өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж боддог доо.
-Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, зах,
худалдааны төв гээд хаяг рекламаа монгол бичгээр бичээд эхэлбэл энэ өөрөө
хэрэглээний нэг хэсэг мөн үү?
-Тэгэлгүй яахав. Нэгдүгээрт хэрэглээ, хоёрдугаарт үндэсний бичгээ хараад бахархах, сурах сэдэл урган гарна. Яваандаа үндэсний бичгийг сурсан хүний тоо нэмэгдэнэ байхаа.
-Та хэдэн ангийн, хэдэн хүүхдэд монгол бичгийн хичээл орж
байна вэ?
-Гурван ангийн далаад сурагч байна.
-Эдгээр сурагчдын хэдэн хувь нь монгол бичгээ сонирхон судалж байна. Таны дугуйланд хичнээн хүүхэд хөгжиж байна вэ? Энэ тоонуудаар сурагчдын монгол бичгээ хүндлэх, дээдлэх, сурах сэдэлтэй байгаа эсэхийг дүгнэж болох уу?
-Болно. Миний орж байгаа ангиудын 70 орчим хүүхдээс 50 хувь нь монгол бичгээ сурах сонирхолтой байна. Энэ бол харамсалтай тоо шүү дээ. Энэ тоог нэмэх нь зөвхөн хүүхдээс шалтгаалахгүй байна. Тухайн хүүхдийн ар гэрийн нөхцөл байдал, эцэг эхийн чиглүүлж байгаа хандлага, дэмжлэг зэрэг нь нөлөөлж байна. Монгол бичигт дурлах хүүхэд монгол бичгээ нэн сайн ойлгосон байх учиртай.
Заагаад байдаг, даалгавраа хийхгүй, давтахгүй бол үр дүн гарахгүй. Манай сургуулийн хувьд спортын төрөлжсөн сургууль учраас хүүхдүүд спорт руу түлхүү сонирхоод гэрийн даалгавраа хангалтгүй хийж байгаа нь бас сөргөөр нөлөөлдөг. Миний санаанд хүрэхгүй, хичээлийн агуулгаа тухайн улиралдаа багтааж чадахгүй байх тохиолдол гардаг. Мөн утасны хэрэглээтэй ч холбоотой. Одоо монгол бичиг хэрэглээ болж байгаатай холбоотойгоор заавал сурах ёстой шүү гэдгийг ойлгуулж, хариуцлагажуулж, үүрэгжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг.
-Монгол бичгээр төвөггүй уншиж, алдаагүй бичиж сурахад
хэр хугацаа орох бол?
-Монгол бичгийн сургалтуудыг өнгөрсөн жил хийсэн. Сурахад хандлага чухал. Өөрийгөө хэр дайчилж, сурах зорилго өвөрлөсөн байна тэр хүн түргэн сурна. Ер нь бол монгол бичгээр хангалттай уншиж, бичиж сурахад 1-2 сар хангалттай. Тэрнээс зөвхөн монгол бичгийн сургалт авсан гэж тайланд оруулах төдийд бол 2 сар сураад ч ахиж өгдөггүй тал байна.
-Төрийн албан хаагчдад монгол бичгийн сургалт орж байхад
түвшин нь ямар байсан бэ?
-Харилцан адилгүй. 80, 90-ээд онд сурч байсан болон 6 дугаар ангиасаа монгол бичиг үзсэн залуусын монгол бичгийн мэдлэг жаахан сэргээхэд л амархан сурчихаж байна. Ер нь бол анхан шатны суурь байна. Цааш нь системтэй, өөрсдийгөө хөгжүүлээд явбал амархан сурчих боломж сургалт авсан байгууллага бүрд байсан.
-Монгол бичгийг бүтээл болгож үйлдвэрлэж байгаа хүний нэг
бол та. Танд хэдэн бүтээл байна вэ?
-Би 2018 оноос л улсын уралдаануудад орж эхэлсэн. Яагаад уралдаан ярьж байгаа вэ гэхээр хүн өөрийгөө хөгжүүлэх гол үндэс, хүчин зүйл нь оролцоо гэдгийг ухаарсан. Монголын сайхан бичигтэн, бусад монгол бичгийн уралдаануудад алгасахгүй орсоор 2020 оноос амжилт гаргаж эхэлсэн.
Бүтээл гэдэг бол эхлэхээсээ дуусах хүртэл маш их тэвчээр, мэдлэг, хариуцлага, цаг хугацаа шаардана. Суугаад босох хооронд хийсэн зүйл бол бүтээл биш гэж манай багш хэлж, зөвлөж байсан. Надад одоогоор найм, есөн бүтээл байна. Аймгийн 100 жилийн ойгоор “Бийрийн чимээ” үзэсгэлэнгээ дэлгэсэн. Энэ бүтээлүүдээ аймгийн Нийтийн номын санд хандивласан. Надад байхаасаа номын санд байвал илүү олон хүн харж, олны хүртээл болно шүү дээ. Бас шүлэг зохиолуудаар бичсэн бүтээлүүд бий.
-Ямар бүтээл хийхийг зорьдог вэ?
-Бүрэн хэмжээний зохиолыг сонгож бичихийг эрмэлздэг. Аливаа нэг зохиолыг сонголоо гэхэд таллахгүй, бүтнээр нь бичдэг. Маш их бичвэртэй учраас цаг хугацаа их орно. Зөвхөн бичвэр биш шүү дээ. Цаасаа бэлдэнэ, ямар өнгөтэй, ямар хэмжээтэй жааз байх вэ гээд бусад шаардлагатай нарийн зүйлүүдээ бэлдэх нь бүтээлтэй шууд хамааралтай. Миний хувьд уран бүтээлч хүн биш учраас уралдаанд оролцохдоо мэргэжлийн уран бүтээлч хүнтэй хамтрах нь чухал юм байна гэж бодсон. Мэргэжлийн талаасаа бичвэрээ биччихдэг. Гоо зүй, бүтээл болох тал дээр дулимаг дутуу байгаад байна.
-Бүтээлүүдийг нь харж байхад дандаа цаасан дээр бичсэн
харагддаг. Өөр талбар дээр бичих гэж оролдож үзсэн үү?
-Яавал зохимжтой болохоор байна гээд хатуу болон бусад өөр төрлийн гадаргуу дээр бичиж туршиж үзсэн. Бүтээл өөрөө төгс байх учраас дулимаг хийж болохгүй. Тийм учраас цаашид туршиж, судлах хэрэгцээ шаардлага байна.
-Манай “Хүмүүн бичиг” сониноос явуулдаг уралдаанд шагналт
байранд орсон байсан. Баяр хүргэе.
-Тиймээ. Баярлалаа. Энэ жил бийрийн хичээнгүй бичлэгээр эсээ бичиж оролцоод тусгай байр эзэлсэн. 2020 онд 2 дугаар байранд орж байлаа.
-Өөрийн гарын шавиа хэрхэн бэлдэж байна вэ?
-Энэ жил төгсөх ангитай учраас сургалтаа хийгээгүй байна. Одоо хоёр сурагч тогтмол хичээллэж байгаа. Төгсөөд явсантайгаа нийлээд найман шавь бий.
Монгол бичгийн сургалт, дугуйландаа хүүхдүүд авахдаа тухайн хүүхэд монгол бичгийг яг сонирхож байна уу үгүй юу, төгсөөд монгол хэл, бичгээрээ явах уу гэдгийг судлаад монгол бичгийг хэрэглээ болгож чадаж байгаа хүүхдүүдийг сонгох нь илүү оновчтой юмуу гэж сүүлийн үед туршлагажаад ч юмуу боддог болсон. Тэгэхгүй төгсөөд хэрэглээгүй болчихвол мартчихдаг юм. Тийм учраас үргэлж монгол бичгийн хэрэглээтэй байх хүүхдийг сонгох нь ач холбогдолтой юм уу гэж боддог болсон доо.
Монгол бичиг нь үндэс язгуураасаа эхлээд үг яаж бичих вэ гэдгийг зааж өгсөн байдаг. Үндэс язгуур нь эвдэрдэггүй шууд нөхцөл дагаврыг залгаж бичдэг учраас крилл үсгээсээ илүү монгол бичиг сурах нь хялбар. Крилл бичиг бол зөв бичих 64 дүрэмтэй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.