ХОВД: Өсвөрийн ардын хөгжимчдийн уралдаан энэ сарын 30-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-21 11:31:00

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/.  “Ая эгшгийн зургаан жигүүр-2025” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдаан энэ сарын 30-нд Ховд аймагт болно.

Уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцох ба бага ( I-V анги ), дунд ( VI-IX анги ), ахлах ( X-XII анги ) насны ангилал, хамтлаг төрөлд өрсөлдөх юм.  

Өсвөрийн ардын хөгжимчдийн уралдааны бүртгэлийг 2025 оны нэгдүгээр сарын 28, 29-ний өдөр Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт зохион байгуулна. Шалгаруулалт 2025 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Хүүхдийн ордонд болох тул дэлгэрэнгүй мэдээллийг 9955-3463 утсаар лавлах боломжтой. 


Тус уралдааны зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхэнд морин хуур, шанз, ятга, ёочин гэх мэт үндэсний хөгжмийг таниулан сурталчлах, тэдний урлагийн авьяасыг хөгжүүлэх, ардын болон сонгодог хөгжмийн зохиолыг тоглож сурах, ур чадвараа нэмэгдүүлэх боломж олгох, шилдэг хөгжимчдийг тодруулахад чиглэж буй.   

“Ая эгшгийн зургаан жигүүр” уралдааныг хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг.  Энэ удаагийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн өсвөрийн хөгжимчид ирэх сард Улаанбаатар хотод болох улсын уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнуулах юм.


Холбоотой мэдээ