Парламентын гишүүдийг ордноос гаргахыг тушаасан гэснийг Юн Сог Ёль няцаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 21 /TASS/. 2024 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө онц байдлын дэглэмийг цуцлах тухай санал хураалтыг тасалдуулахын тулд парламентын ордноос гишүүдийг гаргах тушаал өгсөн гэж армийн тусгай хүчний командлагчийн мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль няцаажээ.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид импичмент зарласантай холбоотой асуудлыг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн ээлжит сонсгол өнөөдөр орон нутгийн цагаар 14:00 цагт эхэлжээ. Сонсголд Юн Сог Ёль оролцсон байна.
Үндсэн хууль зөрчиж онц байдал зарласантай нь холбогдуулан Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэрийг Өмнөд Солонгосын парламент 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан юм. Онц байдал зарласан шөнө болсон үйл явдал болон бослого үймээний асуудал нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болжээ. Юн Сог Ёль онц байдлыг цуцлах тухай парламентын шийдвэрийг дагаж биелүүлсэн тул хуулийн хариуцлага хүлээхгүй гэж Ерөнхийлөгч болон түүний өмгөөлөгчид мэдэгдсээр байгаа юм.
Юн Сог Ёль онц байдлыг цуцлах тухай санал хураалтад саад хийхийн тулд парламентын ордноос Үндэсний ассамблейн гишүүдийг гаргахыг тушаасан гэж армийн тусгай хүчний командлагч Квак Жон Гын 12 дугаар сарын 10-нд мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, Ерөнхийлөгч өөрөө түүн рүү нууцлалтай дотуур утсаар холбогдож ордноос гишүүдийг гаргах тушаалыг өгсөн гэсэн байна. Квак Жон Гын тушаал хууль ёсны гэдэгт эргэлзэж байсан тул түүнийг биелүүлэхгүй байхаар шийдсэн гэж 12 дугаар 6-нд мэдэгджээ.
Юн Сог Ёль 12 дугаар сарын 6-нд иргэдэд хандаж үг хэлэхдээ, парламентын үйл ажиллагааг саатуулах үүрэг өгөөгүй, харин дэг журам сахиулахын тулд цэрэг илгээсэн гэж мэдэгджээ.