Украины дайныг 100 хоногийн дотор зогсоох үүрэг өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК, 2025 нэгдүгээр сарын 22 /TASS/. Украины мөргөлдөөнийг 100 хоногийн дотор зогсоох үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлогт өгсөн тухай “Wall Street Journal” (WSJ) сонинд бичжээ.
"ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тохиролцоонд хүрэх нь Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мөргөлдөөнийг зогсооно гэж амлаж байснаас хамаагүй хэцүү байх болно" гэж тус сонинд бичсэн байна.
Украины мөргөлдөөнийг 24 цагийн дотор шийдвэрлэнэ гэж сонгуулийн кампанит ажлын үеэр мэдэгдэж байсантай харьцуулахад илүү цаг хугацаа шаардлагатай гэдгийг Д.Трамп нэгдүгээр сарын 7-нд мэдэгдэл хийх үеэрээ хүлээн зөвшөөрсөн юм. Харин Келлог өгсөн үүргийг 100 хоногийн дотор биелүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ.
Д.Трамп мөн Америкийн зэвсгийн нийлүүлэлтийг бүрмөсөн зогсоохыг үгүйсгээгүй бөгөөд Оросын Ерөнхийлөгчтэй уулзахад бэлэн байгаагаа нэгдүгээр сарын 21-нд мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрбээр ОХУ-ын тал Украины асуудлаар хэлэлцээ хийхийг зөвшөөрөхгүй бол хориг арга хэмжээгээ чангатгана гэдгийг үгүйсгээгүй юм.
Харин Оросын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэхдээ, Украины мөргөлдөөний асуудлаар АНУ-ын шинэ засаг захиргаатай яриа хэлэлцээ хийхэд Москва нээлттэй байна, гэхдээ хамгийн чухал нь хямралын үндсэн шалтгааныг арилгах ёстой гэжээ.