Netflix үйлчилгээнийхээ үнийг нэмнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 22 /BBC/. Өнгөрсөн оны сүүлийн саруудад хэрэглэгчдийнх нь тоо 19 сая орчмоор нэмэгдсэн стриминг үйлчилгээний Netflix платформ хэд хэдэн улсад үйлчилгээнийхээ үнээ нэмэхээр шийдвэрлэжээ.
Тус компани
АНУ, Канад, Аргентин, Португалд стриминг
үйлчилгээний үнээ нэмнэ гэдгээ мэдэгдсэн байна. “Бид Netflix-ийг улам сайжруулахын төлөө дахин
хөрөнгө оруулахын тулд гишүүдээсээ бага зэрэг илүү мөнгө төлөхийг үе үе шаардах
болно” гэж уг мэдэгдэлд дурджээ.
Netflix мөн хэрэглэгчдийнх нь тоо урьдчилан
тооцоолж байснаас илүү өссөн талаар мэдээлсэн байна. Үүнд Өмнөд
Солонгосын “Squid Game” цувралын хоёр дахь бүлэг, инфлүэнсэрээс тулаанч болсон Жэйк Пол, боксын дэлхийн хүнд жингийн аварга асан Майк Тайсон хоёрын тулаан зэрэг кино, спортын тоглолтууд нөлөөлжээ.
АНУ-д ерөнхийдөө
бүх үйлчилгээний үнэ өсөх
бөгөөд зар сурталчилгаагүй стандарт үйлчилгээний үнэ одоо сард 15.49 доллар байгаа бол 17.99
доллар болж нэмэгдэнэ. Түүнчлэн зар
сурталчилгаатай үйлчилгээний сарын төлбөр нэг доллароор нэмэгдэж, 7.99
доллар болно.
Netflix компани АНУ-д хамгийн
сүүлд 2023 оны 10 дугаар сард
үйлчилгээнийхээ үнийг өсгөж байсан бөгөөд тухайн үед Их
Британид мөн зарим төлбөрөө нэмж
байлаа. Энэ удаа Их Британид үйлчилгээний үнэ өсөх эсэхийг тодруулахад, Netflix-ийн төлөөлөгч “одоогоор энэ талаар мэдээлэл
алга” гэж хариулжээ.
Үүний зэрэгцээ Netflix компанийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн жилд нийт 300 сая
гаруйд хүрсэн байна. 2024 оны дөрөвдүгээр улиралд хэрэглэгчдийн тоо 9.6 саяар нэмэгдэх төлөвтэй байсан боловч үүнээс
хол давжээ. Тус компани цаашид түүхэн үзүүлэлтүүдэд хүрэх
үед нь гишүүнчлэлийн тоогоо зарлах ажээ.
Netflix “Squid
Game” цуврал, “Paul v Tyson” тулаанаас гадна Зул сарын баярын өдөр Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/
хоёр тоглолтыг дамжуулсан юм. Мөн
“World Wrestling Entertainment”-ын тэмцээн, 2027, 2031 онд болох ФИФА-гийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг дамжуулах эрхийг худалдаж
авчээ.
Өнгөрсөн оны 10-12 дугаар сард тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 1.8 тэрбум долларт хүрсэн байна. Мөн борлуулалтын хэмжээ 8.8 тэрбум доллароос 10.2 тэрбум доллар болж өсжээ.