Сурагчдын "Үдийн цай"-нд бүтэн сар тарвас өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-22 15:06:06

   Увс аймгийн Тэс сумын Хар үзүүрийн бага сургууль энэ намар нэг сарын хугацаанд сурагчиддаа тарвас өгсөн байна.

Энэ тухай өчигдөр хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаан дээр яригдсан бөгөөд тус сургуулийн удирдлагуудын тухай саар мэдээ цөөнгүй байгаа аж. Бүхэл бүтэн сарын хугацаанд тус бага сургуулийн 100-аад хүүхдэд үдийн цайнд тарвас өгсөн гээд бодохоор дотуур байранд нь амьдардаг хүүхдүүд ч сарын хугацаанд тарвас идсэн болж таарах нь ээ. Үдийн цайны мөнгө нь хүрэлцэхгүй байсан уу, эсвэл хэн нэгэн албан тушаалтны “шахаа” явсан уу гэдгийг мэргэжлийн байгууллагынхан шалгах нь зүйтэй хэмээн аймгийн хурлын төлөөлөгчид санал гаргаж байв.

Үүнээс гадна тус сургуулийн захирал нь гэртээ дуков тавьчихаад сургуулийнхаа хүүхдийн Үдийн цайны боорцгийг хийдэг, нөхөр нь сургууль, дотуур байранд түлээ нүүрс шахдаг гэсэн мэдээллийг Хар үзүүрийн бага сургуулийн багш, ажилчид шалгалтаар очсон хүмүүст өгсөн аж. Уг нь бол тус сургуульд өнгөрөгч 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр их засвар хийгдэж, тохилог боловсон орчин бүрдсэн байна. Ямартай ч ойрын хугацаанд тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ хэмээн аймгийн Боловсролын газрын дарга ээлжит хуралдаан дээр мэдэгдлээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ