Хогийн уутан дотроос хоёр мянган жилийн өмнөх хөшөө олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАФИН, 2025 оны нэгдүгээр сарын 23 /AP/. Гантиг чулуугаар эмэгтэй хүнийг дүрслэн сийлсэн 2000 гаруй жилийн настай хөшөө Грекийн Салоники хотын ойролцоо хог дээр хаягдсан байсныг олсон тухай цагдаагийн газраас лхагва гарагт мэдээлжээ.
Грекийн хоёр дахь том хотоос холгүй орших Неои Эпиватес суурин дахь хогийн савны хажуугаас 80 см өндөр, толгойгүй хөшөөг нэгэн оршин суугч олсон байна. Хөшөөг орон нутгийн эрх баригчдад хүлээлгэн өгсөн бөгөөд олдворыг
судлуулахаар археологичдод ханджээ.
Цагдаа нарын мэдээлснээр, шинжээчид анхан шатны үнэлгээ хийсний дараа уг олдворыг эллинизмын
эрин үед буюу МЭӨ 320-30 оны үед
хамаарахыг тогтоосон байна. Тэр үед Македоны
Александрын байлдан дагуулалтын дараа урлаг соёл цэцэглэн хөгжиж байсныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ.
Хөшөөнд нэмэлт судалгаа хийхээр археологичдод илгээсэн байна. Үүний
дараа хадгалах, судлах зорилгоор орон нутгийн музейд хүлээлгэн өгөх ажээ. Цагдаа
нар хөшөөг хэн хаясныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэгэн залууг хэсэг
хугацаанд саатуулаад удалгүй сулласан
байна.
Эртний өв уламжлалаараа алдартай Грек улсад археологийн
олдворууд санамсаргүй олдох нь түгээмэл тохиолддог бөгөөд
ихэвчлэн барилга, дэд бүтцийн байгууламж барих явцад олддог байна. Өнгөрсөн 12 дугаар сард Афины ойролцоо байгалийн хийн
хоолой тавьж байсан ажилчид Ромын үеийн Хермесийн хөшөөг олж байжээ.