Д.Трамп: Америкт бараагаа үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 24 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн бизнес эрхлэгчдэд хандан Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг урьж, татварыг бууруулна гэж амлажээ. Харин бараагаа өөр улсад үйлдвэрлээд Америк руу экспортлоход татвар төлөх ёстойг санууллаа.
Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Д.Трамп Вашингтоноос цахимаар оролцож үг хэлэхдээ “Америк эргэн ирж, бизнест нээлттэй боллоо” гэжээ. “Дэлхийн бизнес эрхлэгчдэд хандаж хэлэх миний үг тун энгийн: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэ, тэгвэл дэлхийн аль ч улс орноос хамгийн бага татварыг танд ногдуулах болно. Харин та Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхгүй гэсэн сонголтыг хийвэл татвар төлөх ёстой болно” гэж тэрбээр хэлсэн байна.
Д.Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш гурван хоногийн дараа хэлсэн үгэндээ,
АНУ-ын
аж ахуйн нэгжийн татварын хэмжээг 21-ээс 15 хувь болгон бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн боловч уг шийдвэрийг гаргахад Бүгд найрамдах намын хяналтад байгаа Конгресс дахь намынхнаасаа зөвшөөрөл авах шаардлагатай болно. Хууль тогтоогчид Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд буюу 2017 онд
батлагдсан хувь хүн ба аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлтийг хэрхэн сунгах,
өөрчлөх талаар хэлэлцэж эхэлжээ.
Д.Трамп Европт шаардлагатай хэмжээний шингэрүүлсэн хий нийлүүлнэ гэж амласан боловч Европын Холбооны 27 улсад үйл ажиллагаа явуулж буй Америкийн бизнес эрхлэгчдэд
“маш шударга бусаар” ханддаг гэдгийг сануулсан байна.
Мөн Трампын засаг захиргаа дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ыг “үйлдвэрлэлийн супер гүрэн” болгоно гэдгээ амлажээ. Түүнчлэн Саудын Араб болон Нефть экспортлогч орнуудын байгууллагад хандан газрын тосныхоо үнийг бууруулахыг хүсэхээр төлөвлөж байгаа аж. Хэрэв газрын тосны одоогийн үнийг /нэг торх нь ойролцоогоор 77 ам.доллар/ бууруулбал “Украины дайн даруй дуусна” гэж тэрбээр хэлээд, Орос улс нефтийн олборлолтоос олсон орлогоо дайныг санхүүжүүлэхэд ашиглаж байгааг дурдсан байна.
Д.Трамп хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн тавцанд АНУ “бусад улс
орнуудад шударга хандахыг хүсдэг” гээд, манай улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадтай “шударга харилцаатай” байхыг хүсэж байна гэжээ. Тэрбээр Вашингтон-Бээжингийн харилцааны тухайд “Бид давуу байдал олж авахыг хүсэхгүй
байна. Бид зүгээр л эрх тэгш байхыг хүсэж байна” гэж хэлсэн
байна.