ЗАВХАН: "Тосон" ДЦС Алтай -Улиастай эрчим хүчний системийн 40 хувийн цахилгааныг нийлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025 оны нэгдүгээр сарын 24
/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Тосон” дулааны цахилгаан станц нь 9.95 МВт цахилгаан гаргаж эхэлснээр Завхан аймгийн эрчим хүчийг дангаараа хангаж байна.
Нэгдүгээр сарын 23-ны өдөр “Тосон” дулааны цахилгаан станцын эхний ээлж ашиглалтад орсон. Тус станц Алтай Улиастай эрчим хүчний системийн 40 хувийн цахилгааныг нийлүүлж байна.
Цаашид нэг сарын хугацаанд 2-р турбиныг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Бүрэн хүчин чадлаараа буюу 18 МВт цахилгаан үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна.
Ташрамд, “Тосон” дулааны цахилгаан станцын 9 МВт
чадалтай эхний блокийг нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол улсын нэгдсэн сүлжээнд
залгажээ.
Анх 2022 онд 30 МВт хүчин чадалтай уг станцын төсөл эхэлсэн юм. "Эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээг 2024 оны наймдугаар сард хийсэн бол 11 дүгээр сард 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110/35/10кВ-ын "Тэлмэн" дэд станцад холбосон юм.
Төслийг “ЖЕМ групп” ХХК-ийн эзэмшлийн “Тосон энержи” ХХК 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж ашиглалтад оруулсан бөгөөд цаашдын үйл ажиллагааг мөн хариуцан ажиллах юм.