Эрдэмтэн мэргэд монгол бичгийн тухай...
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас зохион байгуулсан "Монголын сайхан бичигтэн" олон улсын 28 дахь удаагийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээх, шилдэг оролцогчдод шагнал гардуулах ёслол энэ сарын 22-нд Чингис хаан Үндэсний музей болсон юм.
Өнөө жилийн энэхүү ёслол төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлсэн түүхэн үед тохиосноороо онцлог билээ. Тиймээс хүндэт зочидтой монгол бичиг соёлын талаар ярилцсанаа толилуулж байна.
-Дэлхийн бичиг үсгийн түүхэнд монгол бичгийн оруулсан
хувь нэмрийг юу юугаар тодотгож болох вэ?
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш Л.Дашням: Монголчууд дэлхийд
хамгийн олон бичиг үсэг хэрэглэсэн ард түмний нэг. Монгол бичгийг уйгураас
дамжуулан авахдаа тодорхой түвшинд өөрийн болгож, босоо монгол бичиг, үндэсний
бичиг гээд, одоо үндэсний монгол бичиг хэмээн нэршиж, өргөн хэрэглэх боллоо. Энэ
цагт хуучин, эртний өв соёлоо залгамжлахаар маш их хичээх болсон байна. "Монголын
сайхан бичигтэн" уралдааныг олон жил уламжлал болгон зохион байгуулснаар багш,
оюутан сурагч, хэл бичгийн мэргэжилтнүүд улсын наадам шиг л хүлээдэг болжээ. Олон
улсын баяр болтлоо өргөжсөн нь монгол бичгийг дэлхийн бичиг болгох алхам харагдаж
байна. Монгол бичиг нь бидний төдийгүй хүн төрөлхний соёлын өв, бахархал болж
байгаад монгол хүн бүр баярлах ёстой юм.
Монгол Улсын Гавьяат багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор
Ж.Баянсан: Дэлхий дээр хүн төрөлхтний хэрэглэж буй бичиг үсгээс манай улс арваад
бичиг зохион хэрэглэж байсан нь одоогоор мэдэгдэж байгаа. Түүнээс хамгийн удаан
хугацаанд, олон хүнд хүрч, хамгийн сайн сурч эзэмшсэн нь монгол бичиг. Хүний
хэл яриаг тэмдгээр илэрхийлэхдээ орон зай, цаг хугацааны хязгаарт баригдахгүй
бичдэг бичгийг улс бүр зохиогоод байдаггүй. Монгол бичгийг морь унаад явж
байхдаа ч, алхаж байхдаа ч бичиж болдог онцлогтой.
Манай ард түмэн эрт дээр үеэс бий болгосон эдийн, оюун билгийн соёлын хамгийн нандин зүйлсийг энэ бичгээр үйлдэж үлдээсэн байдаг. Тиймээс монгол бичгээр байгаа баримтуудыг хүн төрөлхтний оюуны хөгжлийн нандин өв гэж хэлж болно.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Шинжлэх Ухааны
Гавьяат Зүтгэлтэн Ж.Бат-Ирээдүй:
Дэлхий дээрх бичиг үсгийн түүхийн судалгааны олон улсын бүтээлд бид монгол
бичгээрээ гол дурсгалаа тунхаглан зарласан байдаг. Монголчуудын түүхэнд хэрэглэж ирсэн арваад бичиг үсгийн дотроос хамгийн
эртний уламжлалтайд монгол бичгийг төлөөлүүлдэг. Тиймээс бид монгол бичгийн
хамгийн эртний дурсгал Чингисийн чулууны бичгийн 800 жилийн ойг өнгөрсөн онд үндэсний
бичиг үсгийн баяр болгож тэмдэглэсэн. Монголчууд өөрсдөө хийж бүтээсэн соёлын болон
хэлний томоохон дурсгал болсон бичиг үсгээрээ үнэхээр их бахархах ёстой юм.
Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, МОНЦАМЭ агентлагийн дарга асан Т.Баасансүрэн: Нүүдэлчин аймгуудаас хүн төрөлхтний бичиг соёлын түүхэнд оруулсан хамгийн том хувь нэмрийн нэг нь монгол бичиг. МОНЦАМЭ агентлаг 1921 онд байгуулагдан, 1922 оноос монгол үндэсний бичгээрээ хураангуй сэтгүүл гээд сонин гаргаж байсан бол сүүлийн гучаад жил "Хүмүүн бичиг" сонинг гаргаж байна. Энэ сонинг эрхлэн гаргаж, сургуулийн сурагчдад түгээж байхдаа одоогийн залуусыг монгол бичигтэй болгосон байна.
Залуус энэ бичгийг сурч байгаа нь монгол үндэстний амьдралд гарч буй сайхан өөрчлөлт. Бид монголынхоо түүх, соёл, түүх, танин мэдэхүй, өвөг дээдсийн үлдээсэн өв соёлыг судлахад гайхалтай хувь нэмэр оруулж байгаа хэрэг.
Үүгээрээ МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг зөвхөн гадаадад сурталчлаад зогсохгүй, Монголдоо, ард түмний дунд үндэснийхээ бичгийг дэлгэрүүлэхэд маш том хувь нэмэр оруулж байгаа юм. Бид монгол бичгээрээ дэлхийд гарах цаг үе ирснийг энэ байгууллагыг 10 гаруй жил удирдаж, монгол бичгийн төлөө зүтгэн, үгээ хэлж явсны хувьд бахархаж байна.
Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдорж:
Дэлхий дээр хэдэн зуун мянган үндэстэн байгаа ч өөрийн бичиг үсэгтэй нь хоёр гарын
хуруунд багтах байх. Ингээд бодвол монгол бичиг юу юм бэ гэдэг нь харагдана.
Монгол бичиг бол цээжилж бичдэг биш ухаарлын бичиг юм шүү дээ. Үүнийг хүн төрөлхтөн бичиг үсгийнхээ соёлд хадгалах ёстой.
Энэ бичиг соёлын эзэн үндэстний гал
голомтыг сахин сууж байгаа гурван сая гаруй монголчууд л хадгалах үүрэгтэй юм. Энэ
нь өөрийнхөө бичгээс гадна хүн төрөлхтний бичгийн агуу их соёлыг хадгалж явч явах
ариун, эрхэм, тэнгэрлэг үйлс. Биднээс өөр хэн ч энэ бичгийг хадгалах үүрэг
хүлээхгүй. Бид нэг хэсэг энэ бичгээ хаяж "нүгэл хийсэн" ч өвөрлөгч түмэн авч
үлдсэнд талархах ёстой. Одоо бид үүнийгээ хадгалж чадахгүй бол хүн төрөлхтний
түүхэнд их тусгүй болно. Муугаар ярихад, эцсийн монгол хүн үлдэхэд монгол
бичигтэйгээ л байх ёстой.
-Төрийн албан бичгийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хос
бичгээр хөтөлж эхэллээ. Та үүний ач холбогдлыг хэрхэн үзэж байна вэ?
Л.Дашням: Төрийн албыг хос бичгээр хөтөлж эхлээд сар боллоо. Төрийн алба хашиж буй хүмүүс тэр хэмжээнд хүрсэн учир албаа явуулж байгаа.
Тэгэхдээ төрийн албаны бүх бичгийг хос бичгээр хөтлөөгүй, стандартад орсон, урт удаан хадгалах гэх мэт 12 бичиг л бий.
Төр монгол бичгээ хэрэглэснээр үндэсний бичгийнхээ дархлааг илүү болголоо. Шагнал, урамшууллыг ч монгол бичгээрээ бичиж, өнөөдрийн энэ уралдааны үнэмлэх, батламжийг ч монгол бичгээр бичсэн байна.
Монгол бичгийг бүх нийтийн болгосноор кирилл үсгээ орхиод, бичиг үсэггүй болчихож байгаа юм биш. Хослуулж хэрэглэнэ. Ингэхдээ, тодорхой хүрээнд, салбарт хэрэглэж болох чадварын түвшинд байгаа.
Уралдаанаас харахад, аажмаар бүх хүн монгол бичгээ хэрэглэж чаддаг болох нь. Тэр үед бичгээ солих эсэх талаар ярих байх.
Ж.Баянсан: Нэг хэсэгтээ хос бичгээр явж байгаад монгол бичгийг сурч эзэмшсэн
хүний тоо давамгай болохын цагт
нэгийг нь сонгох байх. Хос бичиг зэрэгцүүлж байгаа учир илүү ажил гарах л байх. Гэхдээ хүмүүс үндэсний бичгээ олноор сураад ирэхээр энэ ажил хялбар болно. Одоогоор орчин үеийн
цахим техник ашиглаад хос бичгээ
харгуулж хэрэглэхэд, бас суралцахад дөхөмтэй байгаа. Хамгийн зөв
цагтаа, зөв арга, шийдлээр явж байгаа үйл ажиллагаа гэж хэлж болно.
Ж.Бат-Ирээдүй: Монголын мянган жилийн
түүхэнд үлдсэн бүх өв, соёл, дурсгал монгол бичгээр байгаа
учраас бид энэ бичиг үсгээ үргэлжлүүлэн авч явах ёстой. Төрийн албан бичгийг хос бичгээр хөтөлж эхэлсэн нь нийгэмд
эерэг нөлөө үзүүлж байна. Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх шийдвэрийг ард түмэн сайхан
хүлээж авсан гэж боддог. Үүний үр дүнд залуус монгол бичгээрээ бичдэг, уншдаг, албан
хэргээ хөтөлдөг болно. Төрийн
260 мянган албан хаагч монгол бичгээ тодорхой хэмжээнд сурсан судалгаа гарсан байна билээ. Тиймээс энэ
ажил жигдрэх нь чухал юм. Монгол бичгийн нөлөө дандаа эерэг байдаг. Монгол бичигт 1990 оноос хойш 30 гаруй жил бэлтгэсэн төр засгийн бодлого зөв байсан нь
харагдаж байна.
Т.Баасансүрэн: Ардчилсан хувьсгал гарснаас хойш 30 гаруй жилд монгол бичгийг дэлгэрүүлж, бүх нийтийн болгох тухай Улсын бага хурал, УИХ-аас, яамны хэд хэдэн тогтоол шийдвэр гаргасан ч бүрэн хэрэгжчихээгүй. Харин энэ оноос төрийн яам, газар, агентлаг, их дээд сургууль албан бичгийг хослуулан хөтөлж байна. Үүний зорилго нь ирээдүйд дандаа хоёр бичгээр яваад байхгүй гэсэн санаа. Эргээд монгол бичигтээ бүрэн орох чанарын том шатлалд шилжиж байгаа нь ач холбогдолтой юм.
Л.Пүрэвдорж: Энэ орчлонд
ямар ч юм хэрэггүй болохоороо
мөхөж, хэрэгтэй нь хадгалагдаж
үлддэг. Хүн гэдэг нь адгуусны ертөнцөөс ингэж ялгардаг. Монгол бичгийг
хадгалж үлдэхийн тулд заавал хэрэгцээ үүсгэх ёстой. Тиймээс төр албан бичгийг монгол бичгээр хөтөлж байгаа нь
эрхэм сайхан үйл. Төрийн хэргийг монгол
бичгээр хөтлөөд эхлэнгүүт залуус нийгмийн цахим сүлжээнд маш их идэвхтэй боллоо. Миний хөтөлдөг монгол бичгийн цахим хуудсанд гэхэд 300 хүн, голдуу залуус нэмэгдсэн. Хуудсандаа жишээлбэл, “Алимаагийн хатгамал, алимын хатаамал” гэх мэт хэцүү үгсийг яаж ялгаж уншихыг хэлэлцүүлдэг. Эндээс харахад монгол бичгээ аварч үлдэж
болох юм, аврах эзэд нь
залуус гэдгийг мэдрээд үнэхээр
баярлаж байгаа.
-Цаашид монгол
бичгээ улам дэлгэрүүлэхэд юу хийх шаардлагатай гэж та бодож байна вэ?
Л.Дашням: Монгол бичгийг бүх нийтийн болгоход хүн бүрийн хичээл зүтгэл
хэрэгтэй. Үндэснийхээ өв соёлын эзэн нь би гэдэг үзэл бодол хэрэгтэй. Бичигтэй учир
бид дахиад нэг бичгээр яах юм,
илүү ажил, монгол хэлтэй би өөр хэлээр яах вэ гэж бодох хүн байж магадгүй.
Бид олон хэлтэй байх тусам өөрийгөө таниулах чадвар сайжирдаг шиг олон бичигтэй болбол соёлын өвөө том талбайд, урт хугацаанд эзэмшиж чадаж байна гэсэн үг.
Бид латин, кирилл, үндэсний монгол бичгийг бараг бүгдээрээ хэрэглээд чадаж байна
шүү дээ.
Ж.Баянсан: Монгол бичгийг дэлгэрүүлэхийн тулд янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүсийн монгол бичгээр уншихыг хүссэн сэдвээр
нь багц, саланги, жижигхэн гарын авлага бэлдэх хэрэгтэй. Тухайлбал, эмч, тариаланч, малчин, ардын урлалд зориулсан гээд хүний дуртай, ажил хөдөлмөртэй нь холбоотой зүйлийг
бичиж, унших хүсэлд нь
нийцсэн сургалт явуулбал амархан
сурах байх аа.
Ж.Бат-Ирээдүй: Монгол бичгийн талаар сүүлийн жилүүдэд явуулж буй үйл ажиллагаа үр дүнтэй байгаа. Тухайлбал, "Монголын сайхан бичигтэн" болон Ерөнхийлөгчийн Тамгын
газраас явуулдаг "Мөнх тэнгэрийн хүчин дор" уралдаан Монголын нийгэмд
байтугай үндэстний хэмжээнд асар хүчтэй нөлөөлж байна. Ийм төрлийн уралдааныг дэлгэрүүлж, олон хүнийг хамруулах, шагнал урамшуулал, төрлийг
нь нэмэх үйл ажиллагааг хэл бичиг, утга соёлын байгууллага, төрийн болон
ТББ анхаарах ёстой гэж бодож байна.
Т.Баасансүрэн: Боловсролын салбарт ажиллаж
буй, ерөнхий боловсролын сургуулийн багш нар
үнэхээр том үүрэг гүйцэтгэж байна. МОНЦАМЭ
агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сонин гэхэд 30-аад жил хүүхэд залуусын
бичиг соёлоо сурахад түүчээлснээр залуу үеийнхэн бүгд мэдэж, 70-80 хувь нь уншдаг болчихож. Унших нэг хэрэг. Уншдаг нь цаашлаад бичнэ. Бичдэг нь сайжрахаараа сайхан бичигтэн
болж байгаа юм.
Ерөнхий сайд маань “Ардчиллын 30 жилийг үдэж, Монголын соёлын амьдралд шинэ 30 жилийн эхлэл тавигдлаа” гэсэн нь шинэ бичгээрээ ирээдүйд дахиад 30 жил болоход нэгэн жарны дараа монголчууд бүгд монгол бичгээрээ бичдэг, туурвидаг болох нь гайхалтай сайхан юм даа.
Л.Пүрэвдорж: Бид ямар ч байсан монгол бичиг үсгээ аваад үлдэх нь ээ. Монгол бичгийн хэрэглээ үүсгэх
хэрэгтэй. Ингэхдээ албадаж болохгүй. Хүн албадсан юманд жаахан дургүй шүү дээ. Бид болон бидний дараагийн 2 үеийнхэнд
бэрхшээл бий. Тэгэхдээ кириллээр
бичээд л компьютерын програмд оруулахад монгол бичгээр
хувиргачих техникийн дэвшилтэй
цаг үед байна. Хэвлэл мэдээлэл, уран зохиолын байгууллагад, цахим сүлжээ, цахим орчны эзэд хэрэгцээ
үүсгэж, монгол бичгийн яриа хөөрөө оруулах хэрэгтэй.
-Монгол
бичиг яагаад монголчуудад чухал вэ?
Л.Дашням: Монгол бичиг бидний
эртний бүтээж бий болгосон
асар үнэтэй өв соёл. Зарим хэсэгт нь бид хүрсэн. Үүнд зөвхөн судлаач бус бүх нийтээрээ хүрч чаддаг болбол
монгол бичиг жинхэнэ эзэндээ ирлээ
гэсэн үг. Үндэсний бичгийг албажуулснаар эртний өв соёлынхоо эзэн болж байгаа мэт бахархаж
байгаа. Энэ бахархал хүн бүрд
байх ёстой.
Ж.Баянсан: Монгол бичгээр бичиж
буй хүний тархинд бичгийн хэв, хэлбэр нь суучихдаг. Хурууны үзүүрээр бичиж байгаа ч
монгол хүний тархи, сэтгэл, бүх
биеэр бичгийн болон үйл
ажиллагааны арга хэв хэлбэр
нь сууж өгдгөөрөө онцлогтой юм.
Ж.Бат-Ирээдүй: Монгол бичгийг анзаарахад
дэлхийн олон бичиг үсгийн дундаас хамгийн амархан бичиж
болдог. Учир нь дээрээс доош бичдэг нь хөндлөн бичигтэй
харьцуулахад илүү хялбар юм. Тиймээс нүүдэлчдийн өв соёл, орчин нөхцөл, ахуй зэрэг бүх зүйлд тохирсон гайхамшигтай
бичиг. Ялангуяа, монгол хэлний
зүй тогтлыг маш сайн хадгалж, илэрхийлж чаддаг. Бичиг үсэг судалгааны хувьд ч хэрэглээний талаасаа ч
хамгийн гайхамшигтай бичиг гэж болно.
Т.Баасансүрэн: Монгол хүнийг монгол бичиггүй төсөөлөх, ойлгох аргагүй. Их зохиолч Д.Нацагдоржийн “Өсөхөөс сурсан үндсэн
хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” гэдэг
нь хэрэгжиж байна гэсэн үг. Сайхан үе ирж. Тэгэхдээ крил бичигт ч
сайн зүйл их бий шүү дээ, үүнийг нүд үзүүрлээд хэрэггүй. Кирилл бичгийн түүхийг нь ухаад байвал монгол бичигтэй ижил зүйл ч бий. Монгол бичгийн талаар дутагдал, доголдолтой ярих
зүйл бий ч хэлний эрдэмтэд хийж л таарах байх.
Л.Пүрэвдорж: Монгол хүн байя гэвэл монгол бичигтэйгээ, монгол хэлтэйгээ байх ёстой. Монгол хэлгүй бол үнэндээ монгол хүн биш юм шүү дээ.
-Монголын
сайхан бичигтэн олон улсын уралдааны ач холбогдлыг та хэрхэн үзэж байна вэ?
Л.Дашням: Уралдаан бол чанарыг
дээшлүүлж, эрмэлзлэл бий
болгодог. Монгол бичгээр "Би бичиж
чадаж байна" гэсэн итгэл төрүүлэхээс
гадна соёлын өвийг бий болгож байна. Жилийн жилд монгол
бичгээр бичсэн бүхэн соёлын өв болж үлдэнэ. Ирээдүйн соёлын өв тээгчдийг
урамшуулж, үнэлж цэгнэж, өв тээгч байх хүсэл эрмэлзлийг төрүүлж байгаа гээд олон талын ач холбогдолтой юм.
Ж.Баянсан: Үндэсний бичиг соёлыг эзэмших гэж буй янз
бүрийн насны, ажил мэргэжлийн, янз бүрийн сургуульд сурч буй хүмүүсийн
үндэсний ухамсрыг сэргээх, үндэсний өвлөмөл ойг хязгаарлахгүй дэлхийд таниулах,
монгол хүн гэдгээ омогшиж
ухаарах, монгол бичгээ улам
сайн эзэмших урам зоригтой болох юм. Мөн улс орноо гадаадад сурталчлах
талаараа энэ уралдаанд оролцогчдын тоо,
төрөл олшрох нь аль аль талаасаа
сайхан дүйцэл болж байгаа юм.
Ж.Бат-Ирээдүй:
Монголын сайхан бичигтэн уралдааныг
шүүж, ирүүлсэн материалыг
харж байхад уран бичиг тал руугаа
байгаа мэт боловч сүүлийн
үеийн хүүхэд, залуус үзгийн бичлэгийг
сонирхож байгааг анзаарлаа. Үзгийн бичлэг бол хүний бичиг үсгийг нэлээн
тогтвортой байлгадаг. Өөрөөр хэлбэл бичиг үсгийн чадвар сайн боловсроогүй
байхад бийрийн бичиг, хөнгөн зүйл рүү орсноор сөрөг нөлөөтэй. Бичиг үсгийн хамгийн сайн төрлийн нэг болох
үзгийн бичлэгийг олон хүн сонирхож байгаа нь сайн үр дүн
авчрах байх гэж бодож байна. Энэ
нь уралдааны нэг сайн тал байлаа.
Мөн үсэг урлаг гэдэг зүйл их сайн дэлгэрч хөгжжээ. Залуус үндэсний бараа бүтээгдэхүүний
сурталчилгаанд ашиглах маягаар монгол
бичгээ дэлгэрүүлж, нийгмийн
хэрэгцээнд оруулж ирж байгаа нь маш чухал, сайн үр дагавартай. Зах, дэлгүүрээр явж байхад цагаан будааны савлагаан дээр монгол уран бичгээр бичсэн
байх жишээтэй.
Сүүлийн үед үндэсний бүтээгдэхүүнүүд монгол бичгээрээ гоёж гангарч, мэдлэг түгээж байгаа нь сайн нөлөө үзүүлж байна.
Т.Баасансүрэн: Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх шийдвэр хэрэгжиж байгаа энэ үед МОНЦАМЭ агентлагаас зохион байгуулж буй олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол сэтгэл хөдөлгөм сайхан болж байна. Жил бүр хийдэг гайхалтай сайхан буянтай ажил. Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг 1921 онд байгуулагдсаныхаа дараахан 1922 оноос монгол бичгээр, орос хэлээр сонин гаргаж эх орноо сурталчилж эхэлсэн. Зуу гаруй жилийн түүхэнд эх орныхоо чухал үйл явдлын тухай мэдээлж, түгээхдээ эхний 70-80 жилд дотоодын уншигчид руу чиглэж байсан бол сүүлийн 30 жилд гадаадад сурталчлах үүрэг давамгайллаа. Цаашид ч гадаад сурталчилгаагаар нь илүү анхаарч харж байна. Монгол үндэстэн Ази тивийн төдийгүй дэлхийн буурал түүхтэй ард түмэн, 2000 жилээр төрт ёс хөгжсөн тусгаар тогтносон улс гэдгийн нэг нь Монголын нууц товчоо, Гэсэр, Жангарыг бүтээсэн бичиг гэдгийг маргах аргагүйгээр гадаадад дотоодод үзүүлэх болов уу.
Монгол бичгийн голомт нь монгол. Монголд үүнийг дэлгэрүүлэгч нь гарцаагүй МОНЦАМЭ агентлаг. Үүгээрээ хамт олон бахархаж байх ёстой юм.