НАТО-гийн нууц мэдээллийг хуваалцаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-01-27 11:22:55

БЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 27 /DW/. Гишүүн орнуудад нь ямар зэвсэг, техник шаардлагатай байгаа тухай маш нууц мэдээллийг НАТО-гийн удирдлага цэргийн аж үйлдвэрийн компаниудад өгч эхэлсэн тухай “Bloomberg” агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээллийг эш татан мэдээлжээ. 


Эх сурвалжуудын хэлснээр, энэхүү алхмыг батлан хамгаалахын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх стратегийн хүрээнд хийж байгаа ажээ. Уг стратегийг эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте "дайны үеийн сэтгэлзүйд шилжих явдал" хэмээн нэрлэсэн байна. 


"Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж компаниудыг ятгахын тулд" НАТО өмнөө тавиад байгаа зарим зорилтынхоо талаарх мэдээллийг өгч байна гэж Bloomberg-ийн эх сурвалжууд хэлжээ. Энэ алхмыг эвслийн орнууд зөвшилцөх ёстой гэж тус агентлаг бичсэн байна. 


НАТО мөн тус тусдаа процедурын хүрээнд Европын Холбоотой зарим нууц мэдээллийг хуваалцаж эхэлжээ. Европын Холбооны 32 гишүүн орны 23 нь тус эвсэлд багтдаг. 


Орос-Украины дайны үед НАТО-гийн орнууд зэвсгээ шинэчлэх гэж оролдож байгаа, мөн батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж буй Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг дахин хашиж эхлээд буй үед мэдээлэл солилцож эхэлж байна. 



Холбоотой мэдээ