БАЯНХОНГОР: Тэмээн аяллыг орон нутагт анх удаа зохион байгууллаа

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2025-01-28 10:25:52
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Өвлийн аялал жуулчлалын томоохон нөөц бүтээгдэхүүний нэг "Тэмээн аялал"-ыг Баянхонгор аймгийн Жинст суманд зохион байгууллаа.

Монгол өв соёл бидний бахархал уриан дор "Мазаалай номадик тур", Жинст сумын Цагаан ус 4дүгээр багийн улсын аварга малчин Н.Мөнхжаргалтай хамтран тус аяллыг зохион байгуулж, 14 аялагч оролцсон байна.

Хангайн бүсийн бүсчилсэн хөгжил, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд тэмээн аяллыг орон нутагт ийнхүү анх удаа зохион байгуулжээ.

Улсын аварга малчин Н.Мөнхжаргал малчны хотноос Жинст сумын үзэсгэлэнт байгалийн нэг Улаан эрэг, Түйн голын хөвөө хүртэл аялал үргэлжилсэн бөгөөд аяллаар ингэ саах, тайлаг тэмээ сургах зэрэг хөтөлбөрийг багтаасан байна. Тус аяллаар тэмээн соёлтой танилцаж, тэмээчдийн ахуй амьдрал, тухайн бүс нутгийн байгалийн нөөц газруудтай танилцах үеэр цаг агаар зэврүүн, салхитай шуургатай байсан ч шинэ содон мэдрэмж өгч, сонирхолтой аялал болсонд сэтгэгдэл өндөр байгаагаа аялагчид ярилаа.