Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-30 16:48:00

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа энэ сарын 29-нд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа.

 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд 1997 оноос хойш Азийн хөгжлийн банк нь Монгол Улсад буцалтгүй тусламж болон техникийн туслалцааны төслүүд дээр хамтран ажиллаж, хот болон суурин газрыг хөгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэнд талархал илэрхийлээд, манай улсын тогтвортой хөгжлийг ахиулахад бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

 

Монгол Улсын Их Хурал НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, Илүү сайхан ирээдүйн төлөө Бан Ги Мүн сантай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, энхтайван, шударга ёс, хүчирхэг институцыг бэхжүүлэхэд түлхэц болж, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 20-30 хувь болгон нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээчид, судлаачид, дадлагажигчдыг нэгтгэх зорилготой “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байнаХэлэлцүүлэг нь бүс нутгийн түншлэлийн ач холбогдлыг онцолж, байгаль орчны нийтлэг сорилттой тэмцэх дэлхийн сургамж, шилдэг туршлагад тулгуурлан Ази болон Алтайн бүс нутагт хамтын ажиллагааг бий болгоход төвлөрнө. Ногоон санхүүжилт, техникийн хамтын ажиллагаа, дипломат харилцаанд анхаарлаа хандуулсан энэхүү яриа хэлэлцээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ