ДОРНОГОВЬ: Тэмээгээр гоёсон өдрүүд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ, Хутагтын говийн тэмээчин хоршоотой хамтран “Жавар үргээсэн өдөр” тэмээний наадмыг нэгдүгээр сарын 28-29-нд зохион байгууллаа.
Тэмээний наадмаар тором, атан
тэмээ, тайлаг уралдаж, тэмээн поло
тэмцээн болов. Мөн мал аж ахуйн уламжлалт соёлоо дээдлэх зорилгоор сайхан
тэмээтэй, сайхан хос шалгаруулж цагаан идээ, ингэний хоормог, ноос, арьсаар
хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг олны хүртээл болгосон
байна.
Атан тэмээний уралдаанд Эрдэнэ сумын Б.Ариунболдын бор, торомны уралдаанд Өмнөговь аймаг Баян-Овоо сумын Ш.Мөнхтүвшингийн хүрэн, тайлагны уралдаанд Сайхандулаан сумын Улааншороот багийн Б.Жамьянбархас хүрэн тус тус тэргүүн байрт хурдалжээ. Харин Сайхандулаан сумын Цохио багийн тэмээчин Б.Ганмандалын хүрэн шилмэл буур болсон бол тус сумын Ц.Жавхлантөгсийн бор шилмэл ингээр шалгарав.
Сайхандулаан сум өнгөрсөн онд 6.4 мянган тэмээ тоолуулсан нь 2023 оныхоос 600 толгойгоор өсжээ. Тэмээн сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа дөрөвт жагсдаг тус сумаас хамгийн олон алдар цуутай тэмээчид буюу улсын аварга малчин тэмээчин С.Болд, Г.Түмэнжаргал, Н.Даваа, Ж.Ганбаатар, С.Банди, Д.Намжилмаа нар төрөн гарсан байна.
Ташрамд, өмнөх нийгмийн үед улсын циркт тоглуулах тэмээг Сайхандулаан сумаас сонгон авдаг байсан түүх бий.