“Холимог оддын тоглолт”-д оролцох эрхмүүдийг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын “Бүх оддын тоглолт” энэ сарын 7, 8-нд “Юү Жи Арена” болох билээ.
Тэгвэл тус үйл ажиллагааны “Холимог оддын тоглолт”-д оролцох олны танил эрхмүүдийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос зарлалаа. 30 дахь удаагийн “Холимог оддын тоглолт”-д улсын арслан Ц.Бямба-Отгон, начин Э.Батмагнай, “Фантастик” продакшны жүжигчин Б.Тамир, Б.Барслхагва, youtuber Gremix, холимог тулаанч Ангууч, жүжигчин Э.Ууганбаяр, Э.Батнямбуу, Р.Отгонбаяр, О.Энхтуул, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, дуучин Ука, Э.Минжинсор, волейболын олон улсын хэмжээний мастер Г.Хонгорзул, реппер Цэцэ тэргүүтэй урлаг, соёл, спортын салбарын 30 орчим хүн оролцохоор болсон байна.
“Бүх оддын тоглолт”-ын эхний өдөр буюу энэ сарын 7-нд “Холимог оддын тоглолт”, ур чадвар, холын зайн шидэлт, слэм данкийн тэмцээнийг зохион байгуулах юм.
Ташрамд сонирхуулахад, энэхүү тоглолтыг сагсан бөмбөгийн зүтгэлтэн, Спортын төв ордны менежер Г.Нямдорж тухайн үед МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа анх санаачлан 1995 оны гуравдугаар сарын 9-нд зохиож байв. Анхдугаар "Холимог оддын тоглолт"-д төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан, "Үндэсний шуудан" сониныг үүсгэн байгуулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганболд, улсын гарьд Б.Гантогтох, заан О.Одгэрэл, сонирхогчдын боксын ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, "Харанга" хамтлагийн гитарчин, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Чулуунбат, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Батмөнх даян хааны дүрээр олны хайр хүндлэлийг хүлээсэн гавьяат жүжигчин Ж.Сүххуяг агсан, хошин урлагийн анхдагчдын нэг гавьяат жүжигчин Б.Батзаяа агсан, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар, арслан Д.Мөнх-Эрдэнэ, заан Ц.Баярсайхан тэргүүтэй улс төр, урлаг соёл, спорт, нийгмийн салбарын зүтгэлтнүүд оролцож байв.
Харин эмэгтэй багийн дасгалжуулагчаар Зууны манлай уртын дуучин, Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад, Л.Цогзолмаа, эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ерөнхий сайд М.Энхсайхан, ардын жүжигчин Б.Дамчаа, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, үндэсний бөхийн нэрт тайлбарлагч Ш.Чанарав, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нар ажиллаж байсан түүхтэй.