ХОВД: Мод, ногоон байгууламжид мөс тавих ажил зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-05 09:53:28

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин  хөрсийг хуурайшилтаас хамгаалах тухай А/44 тоот захирамж гаргажээ. 

Тус захирамжийн дагуу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийг өөрийн эзэмшлийн болон ойр орчмынхоо зам талбайн мод, нийтийн эзэмшлийн газрын цэцгийн мандал, ногоон байгууламжид мөс тавих ажил зохион байгуулахыг үүрэг болголоо. 

Хөрсний чийгийн хэмжээг нэмэгдүүлэх, хуурайшилтыг сааруулах, тоосжилтыг бууруулах зорилготой энэ ажлыг 2025 оны хоёрдугаар сарын 6-21-ний өдөр зохион байгуулах юм.    

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хөрсийг хуурайшилтаас хамгаалах ажлыг идэвхтэй зохион байгуулж, мөсийг хариуцсан талбайдаа буулгахдаа ургаж буй нялх модны суулгацыг гэмтээхгүй ажиллахыг зөвлөлөө.

Мөн хотын төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад хуваарилснаас бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байгаа мод, ногоон байгууламжийн хөрсний чийгийг нэмэгдүүлэх, мөсжүүлэх ажлыг Хот тохижуулах газар хариуцан гүйцэтгэх юм.   


Дээрх ажилд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хяналт тавьж, зөвлөмж өгөх ба ажлын тайланг 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Жаргалант сумын ЗДТГ-т ирүүлэхийг үүрэг болгов. 

Холбоотой мэдээ