Д.Трамп дайныг зогсоох талаар В.Путинтэй ярилцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР![](/files/67a954ffa7ec8.png)
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 10 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг зогсоох талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилаа гэж “New York Post” сонин мэдээлжээ.
Украиныг дайныг зогсооно гэж амлаж байсан Д.Трамп өөрийнх нь багийн хүмүүс “хэд хэдэн удаа маш үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
В.Путинтэй хэдэн удаа ярьсан талаар асуухад “үүнийг хэлэхгүй байсан нь дээр” гэж тэрбээр баасан гарагт “Air Force One” нисэх онгоцонд "New York Post" сонинд ярилцлага өгөхдөө хариулсан байна. Тэрбээр хэлэхдээ "хүмүүсийн амь нас цаашид бүү үрэгдээсэй гэж Путин хүсэж байгаа" гэжээ. Тус сонины мэдээлэлд Цагаан ордон одоогоор тайлбар хийгээгүй байна.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков төрийн мэдлийн ТАСС агентлагийн хүсэлтэд хариулахдаа “маш олон төрлийн холбоо харилцааг янз бүрийн сувгаар тогтоож байгаа" гэжээ.
Түүнчлэн ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя Вашингтоноос Москватай холбоо тогтоох талаар "зохих дохиог" хүлээж байна гэж ням гарагт мэдэгдсэн тухай төрийн мэдлийн “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна.
ОХУ-ын ашиг сонирхлыг харгалзан үзсэн тохиолдолд Украины асуудлаар АНУ-тай “ижил тэгш зарчимд тулгуурлан” хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж В.Небензя мэдэгджээ.
Д.Трамп дайныг зогсоохыг хүсэж байгаа гэдгээ хэдэнтээ мэдэгдсэн юм. Тэрбээр мөн В.Путинтэй уулзаж, энэ асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдэж байсан хэдий ч дээд хэмжээний уулзалт хэдийд, хаана болох нь тодорхойгүй хэвээр байна.