БАЯН-ӨЛГИЙ: "Тунгалаг толбо-2025" мөсний баярыг энэ сарын 15-нд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ![](/files/67ac3dce529a8.jpeg)
Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газартай хамтран "Тунгалаг толбо-2025" мөсний баяр, аялал жуулчлал, соёл, спортын наадмыг Толбо нуурт 2 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулна.
2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон
зохион байгуулж ирсэн тус баярыг аймгийн Засаг даргын A/07 тоот
захирамжаар ажлын баг байгуулж, шаардлагатай төсвийг шийдвэрлэсэн байна.
Энэхүү баярын талаар аймгийн Биеийн
тамир, спортын газрын дарга Х.Хайнараас тодруулахад, “Мөсний баярыг
2015 оноос залуучууд бидний санаачилгаар иргэдийн
чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортод идэвхжүүлэх зорилгоор анх
эхлүүлсэн. Ковидын үед халдвар хамгааллын дэглэмийг сахиж тодорхой хүрээнд
зохион байгуулсан.
Мөсний баярт аймгийн бүх сумын иргэдээс гадна тухайн үед аймагт зочилж байсан гадаадын жуулчид хүрэлцэн ирж сонирхдог онцлогтой. Өнгөрсөн жилийн мөсний баярт 1000-аад хүн оролцсон. Энэ жилээс эхлүүлэн мөсний баярын хүрээг өргөжүүлж, аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа, соёл, спортын томоохон наадмын түвшинд хүргэж, жил бүр улам өргөжүүлж, баруун бүс, улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулах зорилготой байгаа. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг энэхүү баярт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж өргөнөөр оролцохыг уриалж байна” гэв.
Энэ жилийн “Тунгалаг толбо-2025” мөсний баярын хүрээнд:
-Тэшүүр,
-Олс таталт,
-Хоккей,
-Мөсөн Сүмо,
-Мөсөн шагайн харваа,
-Мөсөн сурын харваа,
-Спорт загасчлал зэрэг спортын тэмцээнийг зохион байгуулна.