М.Отгонбаатар: Суманд нэн тэргүүнд 640 хүүхдийн хичээлийн байр барих шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-12 17:32:56

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өндөрхангай сумын Засаг дарга М.Отгонбаяртай уулзаж, цөөн хором ярилцлаа.  


-Танай суманд өвөлжилт хэр байна вэ?

-Энэ жилийн хувьд цас, шуурга багатай, харьцангуй сайхан өвөл болж байна. Манай сумын малчид өвлийн бэлтгэлээ сайтар базаасан. Мөн сумын аюулгүйн нөөцөд 1500 боодол өвс, 12 тн хивэг, 15 тн тариа бэлтгэсэн. Жил сайн болохоор одоогийн байдлаар нөөцөө задалж хуваарилаагүй байна.


-Хэчнээн мал өвөлжиж байна?

-Сумын хэмжээнд 20 мянга гаруй толгой мал өвөлжиж байна. Энэ нь урд оныхоос 3 мянга гаруй толгойгоор өссөн үзүүлэлт юм. Задалбал тэмээ 554, адуу 12852, үхэр 16185, хонь 90750, ямаа 82914 тоолуулсан.


-Улсын аваргууд тодорч байна уу?

-Одоогийн байдлаар Улсын аварга малчин”-аар Цалуу багийн малчин Чулуунбаатарын Галтбаатар, МҮОНРТ-ийн “Алтан унаганы эзэн”-ээр Батсайхан багийн малчин Ванчинсүрэнгийн Алтангэрэл, “Алтан тугал”-ын эзнээр Цалуу багийн малчин Чулуунбаатарын Насанбат нар шалгараад байна. Удахгүй аймаг, сумын аваргууд тодорхой болох байх.


-Энэ жил танай суманд бүтээн байгуулалтын ямар ажлууд хийх вэ?

-Сумын төвийн 0.4 кВт-ын цахилгааны шугамын ажил хийхээс гадна Залуучуудын дундын оффис, олон төрөлт тоног төхөөрөмж бүхий фитнес төв байгуулна. Мөн зам, гүүрний засварын ажлууд, худаг ус гаргах, Чигжийн голын хөв цөөрөм, 500 га-гийн услалтын системийн зураг төсвийн ажил, сумын төвийн нэгдсэн шугамын ажлын зураг төсвүүдийг хийж дуусна.


-Танай суманд тулгамдаж байгаа асуудал байна уу?

-Манай суманд нэн тэргүүнд 640 хүүхдийн хичээлийн байр барих шаардлагатай байна. Сурагчдын сурч боловсрох орчин, анги танхимын хүрэлцээ муутай. Мөн хоол үйлдвэрлэлийн орчин муу, урлаг заал байхгүй, спорт заал шаардлага хангахгүй байдалтай байна.

Малчид маань одоогоор өвс, тэжээлээ гадны аймаг, сумаас худалдаж авч байгаа. Ирэх намраас эхлээд өөрсдөө бэлтгэх ажил өрнүүлэх хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ