ДУНДГОВЬ: Өлзийт сумын хүүхдүүд сумынхаа хөгжлийн асуудлаар санал бодлоо илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ![](/files/67ac5d31ed4f9.jpeg)
Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын хүүхдүүд тулгамдаж буй
асуудлаа тодорхойлон шийдвэрлүүлэхээр сумынхаа удирдлагуудад хүргүүллээ.
Тодруулбал, тус сумын цэцэрлэг, сургуулийн бяцхан хүүхдүүдийн
“Бид Өлзийтийн ирээдүй” чуулган зохион байгуулж, цэцэрлэгийн 20, Ерөнхий
боловсролын сургуулийн 162 суралцагч оролцжээ. Анх удаагаа цэцэрлэгийн бяцхан
хүүхдүүд шийдвэр гаргах түвшинд өөрсдийнхөө санал, сумынхаа хөгжлийн асуудлаар
сэтгэгдлээ хүргүүлсэн нь энэхүү чуулганы онцлог байлаа.
Хүүхдийн чуулганыг Өлзийт сумын Ерөнхий боловсролын
сургууль, эцэг эхийн зөвлөл, "Ид шидийн орон-Дундговь" хүүхэд
хамгаалал, хөгжлийн төв, Дундговь аймаг дахь цагдаагийн газар хамтран зохион
байгуулсан юм.
Чуулганы үеэр оролцогчдыг VR, AR гэх мэт дэвшилтэт
технологитай танилцуулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх өртөөгөөр аялуулж,
тэдний дунд панел, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Оролцогчдын зүгээс сумынхаа тулгамдаж буй асуудал, амьдрах орчин, аюулгүй
байдал, хүүхдийн эрхийн асуудлаар санал бодлоо уран зураг, багаар ажиллах
байдлаар илдэрхийлж, эрэмбэлсний үндсэн дээр хамгийн олон санал авсан 10
асуудлыг сумын удирдлагуудад хүргүүлээд байна.
Сумын хүүхдүүдийн хувьд тоглоомын талбай, ногоон
байгууламж, камержуулах, үе тэнгийн дээрэлхэлт, хог, гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр
насны хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдсэн, хулгай, зэрлэг муур,
нохой, сургуулийн цайны газрын тохижилт, хүнсний аюулгүй байдал, багшийн
харилцаа зэрэг асуудлыг хөнджээ.