СЭЛЭНГЭ: Монголд 80 гаруй туулийн 280 хувилбар хадгалагдан үлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-13 15:03:14

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголчууд бидний бахархал, омогшил болсон баатарлаг туульс хэдэн зууныг өртөөлөн амнаас ам дамжин яригдсаар иржээ.

 

Монгол ардын аман зохиолын нэгэн төрөл бол тууль юм. Ардын аман зохиолын унших бичигт “Хилэн галзуу баатар” туулийн тухай өгүүлсэн байдаг.

 

Монгол ардын “Хилэн галзуу баатар” туулийн гол баатар нь Хилэн галзуу юм. Уг туульд түүний шинж байдлыг

Гарахаасаа гайтай

Гавал дарахад дуртай

Төрөхөөсөө түйтэй

Түйтгэр удахад дуртай

Халцарч холцорч болохгүй

Арван давхар хуйхтай

Хэмхэрч хамхарч болохгүй

Хорин давхар ястай

Хилэн галзуу баатар

хэмээн тодорхойлжэ.

 

Энэхүү бүтээлд Хилин галзуу баатраар Эзэн Чингисийг бэлгэдэн, унасан аргамаг хүлэг, өнчин 2 дүү, өргөж өсгөсөн нэг дүүгээр нь энэ цагийн бараан амьдралыг төлөөлүүлэн тайлбарласан бөгөөд харь гүрний эрдэм болсон аянгын цагаан муныг булаан авч, өөрийнх нь эрдмийг өөрт нь хэрэглэн мангасыг дарж байгаа тухай өгүүлдэг байна.


Туульс нь ардын аман зохиолын шүлэглэн хэлэх томоохон төрөл зүйл юм. Тухайлбал тууль хайлахдаа туулийг аялгуулан хэлж, хэдэн ч хоног тууль хайлж болдог байна.

 

Улс үндэстэн болгон өөрсдийн гэсэн баатарлаг туульстай байдаггүй, үүгээрээ монголын ард түмэн түүхэнд гайхагдах соёлын их өвтэй ард түмэн юм.

 

Монголчуудад “Гэсэр”, “Жангар”, “Эрийн сайн Хан Харангуй” гээд олон сайхан баатарлаг туульс байдаг.

 

XIX зуунаас эхлэн эрдэмтэд туулийг тусгайлан судалж, олдсон аман хэлбэрийн эхийг бичмэл хэлбэр лүү шилжүүлэн буулгаж иржээ. Ийнхүү монгол угсаатны дотроос 1000 гаруй хувилбарыг илрүүлсэн гэх судалгааны тоо баримт байдаг ч өдгөө тэдгээрээс монголд 80 гаруй туулийн 280 хувилбар хадгалагдан үлджээ.

 

Монголчуудын бусдаас ялгарах гол шинж, нүүдэлчдийн сэтгэлгээний чиг хандлага, шугаман бус оюун ухааны онцлог нь бүхэлдээ туульд шингэсэн байна.

 

Судлаач Т.Баясгалан “Туулийг алдана гэдэг бол газар нутгийнхаа талыг алдаж байгаатай адил” хэмээн хэлсэн байна.

 

Тууль бол бидний үнэт өв соёл учраас цаашид үргэлжлүүлэн судалж, үүсэл болоод соёлын давхаргыг олон талт ухагдахууны хүрээнд нарийвчлан авч үзэх хэрэгтэйг судлаачид онцолсон байдаг.

 

Холбоотой мэдээ