Их Британийн Геологийн судалгааны албатай хамтран чухал ашигт малтмалын зураглал, судалгааг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-02-13 17:16:04

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Манай улс чухал ашигт малтмалын геологийн зураглал, судалгааг Их Британийн Геологийн судалгааны албатай хамтарч хийнэ. 


Олон улсад эрчим хүчний шилжилтийн нөлөөгөөр түүхий эдийн хэрэглээ өссөнтэй холбоотой хайгуул судалгаа шинээр гараад буй чухал ашигт малтмалын чиглэлд төвлөрч байна.


Манай улс ямар төрлийн чухал ашигт малтмал байгааг олж илрүүлэх,  хэрхэн ажиллахаа тодорхойлж, бусад улсын геологийн албатай эрэл хайгуулаа эрчимжүүлэх боломжтой. Иймд Их Британийн Элчин сайдын яам, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциац хамтран “Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээллээ солилцон, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зөвлөх Ж.Мэндсайхан, "Олон улсад чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ их байна. Үүнийг зөв ашиглаж чадвал эдийн засагт үр нөлөө үзүүлнэ. Манай улс нөөц бололцоогоо ашиглаж, харилцан ашигтай зөв байр сууриа эзлэх, үүний тулд төрийн бодлогоо зөв залах хэрэгтэй"-г тодотгов.  


Уул уурхайн салбар нь нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Эдийн засгийн тогтвортой байдал өсөлтийг ярихын тулд хайгуул, геологийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Үүнд төр захиргааны байгууллага, орон нутгийн иргэд, олон нийт гэх мэт оролцогч талууд хариуцлагатай байж, хамтарч ажиллах нь чухал. Мөн хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах боломж, нөхцөл олгох хэрэгтэйг Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа онцоллоо.  


Тэрбээр “Хөрөнгө оруулалтаа нэмье гэвэл одоо байгаа хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад анхаарах цаг болсон. Цаашид олон улсад өгч буй мэдээлэл ямар байхыг бодохоос гадна хууль эрх зүйн орчин ч тогтвортой байх ёстой.

Одоогоор зогсонги байгаа хайгуулын судалгааг эрчимжүүлж, бодлогоор дэмжих хэрэгтэй. Бид хайгуулын зөвшөөрлийг өргөдөл, тендер, сонгон шалгаруулалт гэхчлэн олон янзаар олгож үзсэн. Үүнээс аль нь илүү үр дүнтэй байсныг судалж, лизенц олголтоо нэмэх шаардлагатай” гэв.




АҮЭБЯ-наас чухал ашигт малтмалын болон стратегийн түүврийн жагсаалтаа боловсруулж, удахгүй гаргахаар төлөвлөж байна. 







Холбоотой мэдээ