Ниссан, Хонда хоёр нэгдэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-02-14 08:32:09

ТОКИО, 2025 оны хоёрдугаар сарын 14 /NHK/. Хоорондоо нэгдэх асуудлаар хийж байсан хэлэлцээгээ зогсоохоор шийдвэрлэснээ Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан, Хонда компаниуд мэдэгдлээ.


Тус хоёр компани өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш нэгдэх асуудлаар хэлэлцээ хийж байсан бөгөөд хэрэв нэгдсэн бол дэлхийд гуравдугаарт орох том компани болж өргөжих байв.


Харин сүүлийн үед Хонда компани байр сууриа өөрчилж, Ниссаны хувьцааг худалдан авч, өөрийн охин компани болгох санал тавьсан байна. Гэвч Ниссан үүнийг үл зөвшөөрч, хэлэлцээг зогсоож байгаагаа Хондад мэдэгджээ.


HondaNissan” компаниуд зах зээлд эзлэх хувиа Хятадын үйлдвэрлэгчдэд алдсаар байгаа бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сард гэхэд дэлхий даяарх цахилгаан автомашины борлуулалтын 70 орчим хувийг Хятадын компаниуд хийжээХоорондоо нэгдсэнээр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Америк, Хятадын компаниудтай илүү амжилттай өрсөлдөх боломжтой болно гэж үзэж байсан тус хоёр компани одоо бизнесийн стратегиа өөрчлөхөөр шийдсэн байна.  


Ниссаны хувьд, бизнесийн үзүүлэлтүүд нь тааруу байгаа тул үйлдвэрлэлийн хүчин чадлаа 20 хувиар бууруулж, 9 мянган ажилтнаа хална гэдгээ өнгөрсөн оны 11 дүгээр сард зарлажээ.


Tokai Tokyo Intelligence Laboratory фирмийн ахлах шинжээч Сүгиүра Сэйжи хэлэхдээ, нэгдэхээс татгалзах нь хоёр компанид хоёуланд нь сөргөөр нөлөөлнө гэдгийг дурдлаа. Учир нь, цахилгаан автомашин, автомат жолоодлоготой автомашин болон бусад технологид асар их хөрөнгө оруулалт шаардлагатай тул Ниссан компани дангаараа үүнийг хийх боломжгүй, тэгэхээр зайлшгүй нэг түнштэй болох хэрэгтэй.


Харин Хондагийн хувьд, зардлаа бууруулах, хөрөнгө оруулалтын бодлогоо эргэн харах нь зүйтэй, нэгдэх асуудлыг анхнаасаа хөндсөн нь тус компанийн ашиг ажиллагааны түвшин тааруу байгааг илтгэж байгааг шинжээч дурдлаа.  

Холбоотой мэдээ