Луис Рубиалесыг торгох ялаар шийтгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАДРИД, 2025 оны хоёрдугаар сарын 21 /DW/. Хөлбөмбөгчин бүсгүйн уруул дээр зөвшөөрөлгүйгээр үнссэн гэх хэрэгт холбогдсон Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбооны /RFEF/ ерөнхийлөгч асан Луис Рубиалесийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутай гэж үзээд 13 мянган еврогоор торгох шийдвэрийг Испанийн шүүх өчигдөр гаргажээ.
Мөн түүнийг хөлбөмбөгчин Эрмосод
200 м-ээс дотогш ойртох, түүнтэй ямарваа хэлбэрээр харилцахыг нэг жилийн
хугацаанд хориглосон байна.
Үүний зэрэгцээ харилцан зөвшөөрсний үндсэн
дээр өөрийг нь үнссэн гэж хэлүүлэхийн тулд Эрмосод дарамт шахалт үзүүлсэн гэх
хэрэгт Л.Рубиалес буруугүй хэмээн шүүх үзжээ. Мөн Эрмосог дарамталсан гэж
буруутгагдаад байсан Испанийн хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн
дасгалжуулагч асан Хорхе Вильда, RFEF-ийн Спортын асуудал хариуцсан захирал
асан Альберт Луке, Маркетингийн хэлтсийн захирал асан Рубен Ривер нарт холбогдох
хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.
Прокуроруудын зүгээс Рубиалест 2
жил 6 сарын ял оноохыг шаардаж байсан юм. Испанид 2 хүртэлх жилийн хорих ялаар
шийтгүүлсэн хүмүүс хохирлоо барагдуулсан, урьд нь шийтгүүлж байгаагүй бол хорих
ялыг биеэр эдэлдэггүй ажээ.
Үнсэлтийн дуулиан
2023 оны наймдугаар сарын 20-ны
өдөр ДАШТ-ний финалд Английн шигшээг ялснаар дэлхийн аварга цолыг хүртсэн
Испанийн эмэгтэй хөлбөмбөгчдөд шагнал гардуулах ёслолын үеэр Л.Рубиалес шигшээ
багийн ахлагч Ж.Эрмосогийн уруул дээр нь үнссэн нь хөл бөмбөгийн ертөнцөд асар
их дуулиан тарьсан юм.
Үүний дараа 80 гаруй эмэгтэй хөлбөмбөгчид, тэдний дотор ДАШТ-нд оролцсон 23 тамирчин RFEF-ийн ерөнхийлөгчөөр
Рубиалес ажиллаж байгаа цагт Испанийн шигшээ багт тоглохгүй гэдгээ мэдэгдсэн
байна. Харин Рубиалес тамирчдаас уучлал гуйж, нэлээд эргэлзсэний эцэст 9 дүгээр
сарын 10-нд огцрох өргөдлөө өгчээ.
2023 оны 10 дугаар сард ФИФА-гийн
Сахилга батын хорооны шийдвэрээр Рубиалест 3 жилийн хугацаанд хөл бөмбөгтэй
холбоотой үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.