Монгол-Британийн дугуй ширээний XV уулзалтыг Шадар сайд С.Амарсайхан ахална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-25 14:41:49

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол-Британийн дугуй ширээний XV уулзалт Лондон хотноо энэ сарын 26-нд болно.


Тус уулзалтыг монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, британийн талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст нар тэргүүлэх юм. Энэ удаагийн дугуй ширээний уулзалтын үеэр талууд Монгол Улс, ИБУИНХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон томоохон бүтээн байгуулалтад хэрхэн хамтрах тухай асуудлыг хэлэлцэх аж. Мөн хоёр улсын хооронд байгуулахаар хэлэлцэж буй “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг эцэслэх асуудлыг хэлэлцэнэ. Шадар сайд С.Амарсайхан айлчлалын хүрээнд Бизнес, худалдааны яамны Үйлчилгээ, жижиг бизнес, экспорт хариуцсан сайд Гарет Томастай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.


Манай улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоож байсан. Хоёр улс 62 жилийн турш худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг бүхий л салбарт хамтарч, хоёр улсын найрамдалт харилцаа өргөжин тэлсээр ирсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон албаны хүмүүс багтжээ.


 

Холбоотой мэдээ