СЭЛЭНГЭ: Мал маллах арга ухаанаа бусдад өвлүүлж, 10 гаруй өрхийг малжуулжээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 27 /МОНЦАМЭ/.
Могой жилийн босгон дээр газар тариалангийн
бүс нутаг Сэлэнгэ аймгаас Улсын аварга малчин 5, Улсын хошой
аварга малчин 2, Улсын аварга фермер
5, Улсын аварга
тариаланч 7, Улсын аварга тариаланч хамт олон
6 нийт 25 улсын
аварга төрсөн.
Мөн Монголын Үндэсний
Олон Нийтийн Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”
шагналаар олон арван малчид шагнуулж, малчны хот нялх
төлийн дуутай хамт шагналын хур буусаар байна.
Тэдгээрийн нэг Сэлэнгэ аймгийн
Ерөө сумын Буурагчин багийн Улсын аварга малчин С.Түмэн-Өлзийгийнх Улсын хошой
аварга болжээ.
С.Түмэн-Өлзий бага наснаасаа
эхлэн эдүгээ 38 дахь жилдээ мал маллаж байна.
Малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд герефорд үүлдрийн бух, сэлэнгэ
үүлдрийн 80 гаруй үхэр болон баяд, Говь-Гурвансайхан үүлдрийн хуц, ухнаар мал сүргээ сэлгэн үржүүлсэн
байна.
Улсын хошой аварга малчин
С.Түмэн-Өлзий жилд 6,7 тонн мах, 1,2 тонн ноос, 35 кг ноолуурыг зах зээлд
бэлтгэн борлуулж, 132 сая төгрөгийн орлого олж, өрхийн орлогоо нэмэгдүүлжээ.
Тэрбээр мал маллах арга ухаанаа бусдад сурган тусалж, дэмжин 10 гаруй өрхийг малжуулсан байна.