Л.Болд: Их Монгол улсаа байгуулж буй үеийн, илүү залуу, илүү омголон, илүү тэмүүлэлтэй Чингис хааныг дүрсэлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-03-01 10:14:13

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн тэргүүн өдөр Чингис хаан Үндэсний музейн 9 дүгээр давхарт нээгээд буй, 7 метр өндөртэй, Чингис хааны алтадмал хөшөөний эх загварыг Төрийн шагналт, монументал урлагийн томоохон төлөөлөгч Л.Болд гаргасан юм. Тэрбээр Төрийн ордны Чингис хааны хөшөөг урласан уран бүтээлч билээ. 


Тэрбээр уг хөшөөг урласан түүхээсээ Чингис хааны хөшөөг уран бүтээлчийн сэтгэл хөдлөлөөр бус, түүхэн эш баримтад үндэслэх ёстой болсон. Тиймээс ШУА, Соёлын яам, Монголбанк болон МУИС-ийн эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Тэдний зөвлөгөөгөөр, эх загвар маань анхны санаанаасаа чамгүй баяжиж, өнөөгийн дүр төрхөө олсон" хэмээн хуваалцав.


Харин хөшөөний гол санааны тухайд, “Чингис хааны онги тамгаас сэдэвлэсэн. Тэнгэр, газар, тэр дунд Чингис хаан. Энэ Чингис хааны тамгыг би тэгж уншиж ойлгодог” хэмээн онцолсон юм. Тэрбээр, “Төв талбайд байгаа Чингис хаан бол хаадын хаан болчихсон байх үеийн Чингис хаан. Төрийн ордны өмнө нь байгаа Чингис хааны тэрхүү хөшөөний дүр амгалан тайван төрхтэй. Түүний хажууд ач гуч нь, баатрууд нь бий.


Харин энэхүү алтан хөшөөнд Их Монгол улсаа байгуулж буй үеийн, илүү залуу, илүү омголон, илүү тэмүүлэлтэй Чингис хааныг дүрслэхийг зорьсон. Түүний хамгийн тод илэрхийлэл нь алтан тамгаа задлаад гартаа барьчихсан байгаа дүр төрх юм. Нэгэнт Чингис хааны залуу үеийг бүтээж байгаа болохоор түүний өмнө их холын зам байгааг цагаан эсгий сууриудаар илэрхийлсэн. Харин зүс царайны нь хувьд бол, Чингис хаан бусдаас онцгой өндөр, онцгой гэрэлтэй царайтай байсан тухай эртний шашдируудад бичигдсэн болохоор Чингис хааныг нар мэт гэрэлтэм хийхээс өөр аргагүй байсан” хэмээн ярьж байна.


Монгол төрийн ёсны эрхэм байдал, залгамж чанар гүн хүндэтгэлийг дэлгэрүүлэн хөгжүүлж дэлхий дахинд өнөөгийн монгол үндэстний биеэ даасан тусгаар төр улсын оршин байх эх суурийг тавьсан аугаа их эзэн Чингис хааны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Засгийн газрын 2005 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар тогтоолоор Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор-ыг байгуулахаар шийдвэрлэсэн.

Цогцолбор нь Их Монгол улсын хаад Чингис, Өгэдэй, Хубилай нарын баримал, Зүүн түмний захирагч Мухулай, Баруун түмний захирагч Боорчи нарын морьт хөшөө, НТӨ VII зуунаас НТ XIV зууны эхэн үеийг хүртэлх монгол нутаг дахь угсаа соёлын бүсчлэл, төрт улсуудыг тэмдэглэж, Их Монгол Улсын идэвхитэй явуулсан олон удаагийн байлдааны явцад Монголын Эзэнт Гүрэн хэрхэн бүрэлдсэн түүхийг илэрхийлэх хоёр хэсэг бүхий шилэн галерейг багтаасан томоохон хөшөөт цогцолбор юм. Цогцолборын ерөнхий архитектороор М.Цэлмэг, хөшөө, баримлуудын зохиогч, уран барималчаар Л.Болд ажиллажээ.






 

Холбоотой мэдээ