Т. Мөнхтөр: Ямар ч тэмээг хараад аль аймаг, сумынх гэдгийг одоо андахгүй таньдаг болсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол тэмээний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж яваа сэтгүүлч Т.Мөнхтөртэй ярилцлаа. Тэрбээр “Малчин” телевизийн Өвөрхангай аймаг дахь сэтгүүлч, МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын тэргүүнээр ажилладаг. Мөн Монгол Улсын цор ганц тэмээ тайлбарлагч бөгөөд 2024 оны ажил үйлсээрээ манлайлж, “Шилдэг сэтгүүлч”-ээр шалгарсан билээ.
Идэр есийн хүйтэнд л тэмээ, тэмээчин хоёрын хийморь оргилж байдаг
-Юуны өмнө Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 112 жилийн ойн мэндийг хүргэе. Аймаг, сум дамжин тэмээний өвлийн уралдаан тайлбарлаад ажил ихтэй явна уу?
-Баярлалаа. Баярын мэнд хүргэе. Энэ өвөл Баянхонгор аймгийн Баянлиг, Өмнөговь аймгийн Хүрмэн, Булган, Цогт-Овоо, Мандал-Овоо, Дундговь аймгийн Өлзийт, Дорноговь аймгийн Сайншанд гэхчлэн олон сум, аймгаар явж, тэмээний баяр, бүсийн уралдааныг тайлбарлахын зэрэгцээ сурвалжлан монгол түмэндээ цэнхэр дэлгэцээр уламжиллаа. 10 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 1 хүртэл өвлийг завгүй өнгөрөөдөг.
-Тэмээний уралдаан зөвхөн өвөл болдог уу?
-Өвөл л уралддаг. Хүйтэн байх тусмаа уяачид баярладаг. Хүйтэн агаарт тэмээний толгойг бүрхсэн цан хүүрэг нэмэгдэж, өнгө орж, жинхэнэ цог жавхаагаараа гайхуулдаг. Идэр есийн хүйтэнд л тэмээ, тэмээчин хоёрын хийморь оргилж байдаг даа. Тэмээ бол тэнгэрийн амьтан.
-Спортын
сэтгүүлч хүнд морь, тэмээний уралдаан тайлбарлах нь дөхөм байдаг уу. Хэзээнээс
гаршиж эхэлсэн бэ?
-Би төрж
өссөн Уянга сумынхаа ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг 2005 онд төгсөөд
МУИС-ийн сэтгүүлчийн ангид элсэн суралцсан. Миний хувьд спортоор хичээллэх
сонирхолтой, волейболын спортын 1 дүгээр зэрэгтэй учраас спортын сэтгүүлч гэх
мэргэжлийг эзэмших хүсэл сонирхолтой байсан юм.
Гуравдугаар курсээсээ МҮОНТ-ийн Чандмань студид дадлагаар ажиллаж, МУСГЗ Л.Цагаандалай, спортын сэтгүүлч Д.Батжаргал ахаас их зүйлийг сурч мэдсэн дээ. Ярилцлага авах, сурвалжилга хийх, текст унших гээд сэтгүүлч хүний мэдэх ёстой бүх зүйлийг энд байхдаа сурсан.
Чандмань
студи дотоод, гадаадын спортын өдөр тутмын мэдээ, мэдээллийг түгээхээс гадна үндэсний
өв соёлыг сурталчилсан “Адуучин”, “Уухай” зэрэг олон нэвтрүүлгийг хийдэг. 2009
онд сургуулиа төгсөөд энэ студидээ жинхэлж, МҮОНТ-ийн сурвалжлагч гэх үнэмлэхийг авч
байлаа.
Дараа нь 2011 онд аймгийхаа Соёмбо телевизэд ажиллаж, зун нь наадмаар морь тайлбарлахад хүмүүс үнэлж хүлээж авсан учраас энэ чиглэлээр түлхүү явж, түүнээс хойш аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдааныг 13 дахь жилдээ тайлбарлаж байна. 2014 онд Малчин телевизэд орж, хурдан морины уралдаан тайлбарлах, сурвалжлахаар олон аймаг, сумаар явсан.
Бариа ойртох тусам огшдог. Заримдаа юу ярьж байгаагаа ч мэддэггүй
-Хурдан морь тайлбарлахад зүгээр нэг ярихгүй, уралдааны туршид уран цэцэн үгийг урсгаж, уясан эзэн, унасан хүүхдийг ч яруу сайхнаар танилцуулдаг шүү дээ. Монгол хэлний баялаг өв соёлыг давхар авч явдаг гэж боддог юм.
-Эхэндээ морь тайлбарлагчдын “холбоотой орж ирэх, зөв тал, буруу талаар орох, төр түмний цэнгэл наадамд түрүүллээ” гэх үгнээс эш татаж хэлдэг байсан бол сүүлдээ хүн хүний үг хэллэг онцлог учраас өөрийнхөөрөө явах нь зөв юм байна гэж бодоод өөрийн гэсэн өнгө аясыг бий болгосон. Миний “нүрүүхэн төөнөх” гэх үг брэнд болж байгаа. Энэ нь “нэгэн жигд хурдалж байна, урагшилж байна” гэх утгатай. Монгол хэлний үгийн баялаг их учраас сонголт арвин. “Галтай ганган” гэх мэт гоё гоё үгийг холбож хэлэхэд сонсож байгаа хүний зүрх сэтгэлд ойр тусдаг.
-Морь тайлбарлахад өөрөө дагаад огшдог
уу, ялангуяа бариа ойртоход…?
-Бариа ойртох тусам огшдог. Заримдаа юу ярьж байгаагаа ч мэддэггүй. Тухайн үеийн эмоциор тайлбарлаад явчихдаг. Эргээд сонсоход цээжний пангаар гэдэг шиг гоё үгүүд урсгасан байдаг, заримдаа хэтрүүлсэн санагддаг.
Тэмээн соёл, уралдааныг хөгжүүлэхэд миний хувь нэмэр их бий гэж боддог
-Хэзээнээс тэмээний уралдаан тайлбарлаж эхэлсэн бэ? Улсдаа цор ганц тэмээ тайлбарлагч гэж хэлж болох уу?
-2017 онд Монголын хамгийн олон тэмээтэй Өмнөговь аймгийн Ханбогд сумыхан “Нутгаа мөнхөлсөн тэмээчид” гээд том наадам хийсэн юм. Тэгэхэд Малчин телевиз бүрэн сурвалжилга хийхээр болж, гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат сэтгүүлчдэдээ ажил үүргийг нь хуваарилаад надад тэмээний уралдааныг хариуцах үүрэг өгдөг юм. Би чинь сарлагийн орон, хангай нутгийн хүүхэд. Тэмээ мэдэхгүй, тэмээнээсээ бараг айж дөлөөд бүртгэлээр л тэмээгээ тайлбарлаж дуусгасан.
Тэгтэл долоо хоногийн дараа Цогтцэций сумаас яриад “Тэмээний уралдаан тайлбарлаад өгөөч” гэдэг юм. Ингэж явсаар байгаад одоо долоо дахь жилдээ хурдан тэмээ тайлбарлаж байна. Одоогоор надаас өөр хүн гарч ирээгүй байна. Тэмээтэй холбоотой бүх уралдаан наадамд очдог. Одоо бол ямар ч тэмээг хараад хээс /тамга/-ээр нь аль аймаг, сумын тэмээ болохыг, бараг хэнийхний тэмээ гэдгийг андахгүй танина. Тэмээ рүү их гүнзгий орж байна.
-Морь, тэмээ хоёрыг тайлбарлах ялгаатай юу?
-Тэмээ тайлбар нь илүү хэцүү. Анх харахад бүгд л улаан шар, хүрэн гээд нэг зүсмийн байдаг. Ялгаж тайлбарлахад нэлээн таньц шаардана. Адуу бол өнгө зүснээсээ эхлээд таних тэмдэг олонтой. Гэхдээ одоо бол тэмээг зэрвэс харсан ч хэний, хаанахын тэмээ болохыг таньдаг учраас улсын уралдаануудыг цаас харахгүйгээр тайлбарладаг болсон.
-Тэмээн уралдааныг хөгжүүлэхэд өөрийн тань оруулсан хувь нэмэр их гэдгийг тэмээчид ярьдаг. Өмнөговь аймгийнхан алдартнуудынхаа хэмжээнд хүндэлдэг гэж сонслоо.
-Өмнөговийнхон маань “Алдартнууд” гээд пэйж хуудсандаа оруулсан байна лээ /инээв/. Сүүлийн жилүүдэд тэмээний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа их өргөжиж байна. Тэмээний холбоо, төрийн бус байгууллагууд бий болж, жил бүр томоохон уралдаан, зөвлөгөөн, наадмуудыг хийж байна. Өнгөрсөн жилээс тэмээчдэд “Улсын алдарт уяач” бол олгодог болсон. Үүнд миний хувь нэмэр их бий гэж боддог.
Аймаг, сумандаа л
жижиг уралдаан зохион байгуулдаг байсныг хооронд нь холбож, танилцуулж, нэгтгэж
өгснөөр улс, бүсийн томоохон уралдааныг хийдэг боллоо. Холын зайн, богино зайн,
буухиан уралдаанаас гадна сайхан тэмээтэй хос шалгаруулах, тэмээн поло,
тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гэхчлэн олон ажлыг цогцоор нь зохион байгуулдаг. Хурдан тэмээдийг аймаг дамнан наймаалцдаг, хоорондоо
туршлага солилцдог болж байна.
Үүнийг дагаад тэмээний тоо толгой өсөж, уналга эдэлгээнд их хэрэглэж байна. Энэ бүхэн чинь тэмээний өв соёлыг өвлөн уламжилсан, дэлхийн улс орнуудад монголыг сурталчилсан, аялагч жуулчдыг татсан чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.
Улсын хэмжээнд мянган тэмээтэй хоёр айл байна
-Манай улсад хэдэн аймаг тэмээтэй вэ? Хамгийн олон тэмээтэй айлууд хаагуур байна вэ?
-Тэмээ бүхий 11 аймаг байна. Нийтдээ Монгол улс 400 мянга гаруй тэмээтэйгээс Өмнөговь аймгийн Ханбогд сум хамгийн олон буюу 32 мянган тэмээтэй. Дараа нь Баянхонгор аймгийн Баянлиг, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум ордог. Арваад жилийн өмнө Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин, Монгол Улсын гавьяат малчин Ц.Шинэн гуай хоёр мянган тэмээтэй байсан. Одоо үр хүүхдүүддээ тараачихсан л даа. Мөн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын тэмээчин А.Батбуян мянган тэмээтэй “Монгол Улсын гавьяат малчин” болсон. 2024 оны байдлаар улсын хэмжээнд мянган тэмээтэй хоёр айл байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын тэмээчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Тогтохсүрэн, Дорноговь аймгийн Мандах сумын тэмээчин, Монгол Улсын гавьяат малчин Н.Баясгалан нар юм. Мянган тэмээг агуулна гэдэг овоо их ажил шүү дээ.
-Галшарын
адуу хурдан гэдэг шиг тэмээний хурдтай нутаг бий юу?
-Баянхонгор
аймгийн Баянлиг сумыг их хурдтай гэж ярьдаг. Монгол Улсын гавьяат малчин Ц.Шинэн
гуай, Хөдөлмөрийн баатар тэмээчин Г.Тойвгой гээд алдарт тэмээчдийн сүрэгт олон
хурд бий. Хоёр, гурван жилийн өмнө тэмээний ханш 2-3 саяар яригддаг байсан бол
одоо улсын цол өгдөг болсноор угшил сайтай хурдан тэмээ 10-15 саяар үнэлэгддэг болсон.
Одоо бас тэмээ эрлийзжээд байна. Монгол ингэнд хавтгайн буур тавихаар цусны хэмжээ 50-75 хувь эрлийздэг. Тэмээчдийн улсын зөвлөгөөнөөр эрлийз цусны хэмжээг 25-50 хувьтай тохиолдолд уралдаанд оролцуулна гэж тогтоосон. Эрлийз адуу нь англи, араб гээд паспорттой, гадаадаас өндөр үнээр оруулж ирдэг бол хавтгай нь монголд байдаг учраас эрлийз гэж үзэх нь тохиромжгүй гэж зарим хүн ярьдаг л даа.
Атан тэмээг 18-аас дээш, тайлаг, торомыг 16-аас дээш насны хүүхэд унадаг
-Хурдан
морины унаач хүүхдийн асуудал их яригддаг. Харин тэмээнээс уналаа, гэмтлээ гэж
сонсогддоггүй. Хэдэн наснаас дээш унадаг вэ?
-Тэмээг ат, тайлаг, тором гээд гурван насанд уралдуулна. “Тэмээн соёл, уралдааны холбоо”-ноос баталсан дүрмээр улс, бүсийн уралдаанд атан тэмээ 15 км, тайлаг 12 км, тором 8 км зайд уралдана. Хурдан тэмээ 40 км/ц хурдтай явдаг. Атан тэмээг 18-аас дээш, тайлаг, торомыг 16-аас дээш насны хүүхэд унадаг. Тэмээгээ уралдуулахын тулд жилийн дөрвөн улиралд тэжээж, хоол, сойлгыг тохируулж байна. Мориноос ялгаагүй ажиллагаа ихтэй байдаг.
-Үндэсний
өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй ажил үйлсээрээ 2024 онд 21 аймгийн сэтгүүлчдээ манлайлж,
“Шилдэг бүтээлийн эзэн”-ээр шалгарсан. Чамгүй хөдөлмөрлөсний үр дүн гэж ойлгож
байна.
-2024 онд долоон аймгийн 50 гаруй сумаар явж, 200 гаруй бүтээлийг туурвин үзэгч түмэндээ хүргэсэн хөдөлмөр зүтгэлийг маань үнэлж, МСНЭ-ээс шилдэг сэтгүүлчээр шалгаруулсанд маш их баярласан. Миний хувьд нэг наадам сурвалжлахаар явахад дор хаяж 2000 км туулдаг. Ер нь одоогийн байдлаар улсынхаа 200 гаруй суманд оччихоод байна. Зарим аймгийг жилдээ хэд эргэх ч үе бий. Цаг сайхан, малчдын маань нуруу тэнэгэр байвал би ч дагаад сэтгэл тэнүүн байдаг. Малчдын эрх ашгийг хамгаалсан, дэмжсэн бодлого шийдвэр гарвал малчидтайгаа адилхан баярладаг.
-Цаашид тэмээний соёл, уралдааны
чиглэлээр ямар ажил өрнөх төлөвлөгөөтэй байна вэ?
-Тэмээн соёл, уралдааны холбооноос тэмээний
уралдаан, наадмуудад стандарт тогтоож, эрсдэлгүй, аюулгүй байх, нэгэн жигд малгайтай, лого тэмдэглэгээтэй,
туг далбаатай байх зэрэгт анхаарч байгаа. Мөн аймаг, сумдад салбар холбоодыг
байгуулах, хөгжүүлэх, тэмээчдийг шагнаж урамшуулах, цаашлаад монгол тэмээний
уралдааныг олон улсад гаргах зэрэг олон зүйлийг санаачилж, төлөвлөж байгаа.