СЭЛЭНГЭ: Үе дамжсан ойчин Д.Довдондэмбэрэл ойн гавьяат ажилтан цол хүртлээ
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 6 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны
байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахмад ажилтан, байгаль
хамгаалагч Дамбадаржаагийн Довдондэмбэрэл ойн
гавьяат ажилтан цол хүртлээ.
Сэлэнгэ аймгийн Ой салбар
дахин долоо
дахь гавьяатаа угтан авсан нь үе дамжсан ойчин, "Тужийн нарсны" хэмээн
овоглогдсон Д.Довдондэмбэрэл байлаа.
Шинэ гавьяат маань Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот
дахь Мод боловсруулах комбинатад механикаар ажиллаж байгаад 2000 оноос
байгаль хамгаалагч болжээ.
Тэрбээр байгалиа хамгаалах ажилд зүтгэн,
түймэр, модны хулгайтай ч давхар тэмцэхийн зэрэгцээ Тужийн нарсыг нөхөн
сэргээх, ойжуулах ажилд гар бие оролцон нэг сая мод тарьж ургуулсан
байна.
Мөн тухайн үед өөрийн гэсэн нөхөрлөл байгуулж, гэр бүлийнхээ хамт
мод тарьж ургуулан, малчдыг байгаль хамгаалах ажилд оролцуулж,
хүүхдүүдээ ойн салбарын мэргэжил эзэмшүүлжээ.
Өдгөө түүний хүү Д.Батдоржийн хариуцан ажиллаж
байгаа “Агрофорест” компани 18 аймаг болон говь, хангайн бүсийн хөрсөнд
тохирсон тарьц, суулгацаа тогтмол борлуулж байгаа бөгөөд Говь-Алтай аймагт
нийлүүлсэн алимын 23 мянган суулгац нь сайн ургаж байгааг
Д.Довдондэмбэрэл онцолсон.
Тэрбээр “Ямар ч модыг нялх хүүхэд шиг арчлах
ёстой. Үржүүлгийн талбайд таатай, тохиромжтой нөхцөлд үндэслүүлж, ургуулсан,
стандартын шаардлага хангасныг таривал цаг хугацаа хождог, ургалт нь ч сайн.
Эхний гурван жилийн арчилгаа, тордолгоо л маш чухал” хэмээн
зөвлөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум
мод” үндэсний хөдөлгөөн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажиллах хүчээ нэмэх,
техник, тоног төхөөрөмжөө сайжруулах гээд ойн
салбарынханд томоохон боломж олгожээ.
Түүнчлэн энэхүү хөдөлгөөн нь ойн салбар сэргэх,
байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мод тарьж, ургуулах ёстой гэсэн сэтгэлгээ
суулгахад маш том дэвшил авчирчээ.
2017 онд байгуулагдсан “Агрофорест” ХХК ойн мэргэжлийн үндсэн долоон
ажилтан, гэрээт 30 ажилчинтай. Мод үржүүлэх, ойжуулах, нөхөн сэргээх, ойн
тооллого, ой зохион байгуулалт хийх, мод, сөөгний үр, мөчир бэлтгэх, хот суурин
газрын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, жимс жимсгэний чиглэлээр үйл
ажиллагаа явуулж байна.
Мөн өнөөг хүртэл хугацаанд улс, орон
нутаг, бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран 30 гаруй төсөл хэрэгжүүлжээ.
Сүүлд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компанийн
захиалгаар Богдхан уулын Түргэний голын эх Бугын аманд түймэрт өртөж доройтсон
70 га талбайд 175 мянган ширхэг мод тарьж ойжуулахаар хамтран ажиллаж байна.
Тус компани Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 15 га
талбай бүхий мод үржүүлгийн газартаа хүлэмж болон ил талбайд навчит, шилмүүст
модны үр, мөчрөөр үржүүлсэн 36 нэр төрлийн стандартын шаардлага хангасан таван
сая тарьц, суулгац бойжуулжээ.
Анх 20 орчим төрлийн тарьц, суулгац
ургуулдаг байсан бол ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 40-өөд төрлөөр
нэмэгдүүлж, аймаг,
нийслэл, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд нийлүүлэн, арчилж ургуулах талаар
мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч байна.
Тарьцын үндсийг гэмтээлгүй ухах зорилгоор өөрсдийн бүтээсэн төхөөрөмж
ашигласнаар ажиллах хүчний зардал болон
цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ тарьц, суулгац ч сайн ургаж байгаа
хэмээн Ойн гавьяат ажилтан, ахмад ой хамгаалагч
Д.Довдондэмбэрэлийн хүү, залгамж халаа, тус компанийн захирал Д.Батдорж ярив.
Тужийн нарс 1985, 1989, 1996 онд нийт гурван
удаа гал түймэрт өртөж, 46.000 га нарсан ойн
16.000 га талбай нь бүрэн шатжээ.
Түүнийг сэргээж дахин нарсан их ойг бүтээхэд эдгээр
гавьяатуудын нөр их хөдөлмөр, хөлс шингэсэн түүхтэй.