Ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-03-10 14:41:26

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-д ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг орууллаа.


Ингэснээр зээлдэгч нь барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компанид даатгуулж, харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгагчийн санал болгож буй бүтээгдэхүүнд хамрагдахаар болж байна. Даатгалын багц дүрэмд тусгасан ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой энэхүү шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр даатгалын хамгаалалт 5-6 дахин нэмэгдэж, даатгуулагчаас гадна түүний гэр бүл дээрх эрсдэлийн улмаас санхүүгийн хүндрэлд орох, орон байраа алдах зэргээс бүрэн хамгаалагдах боломжтой.


Мөн даатгалын гэрээг жил бүр сунгах шаардлагагүй болсноор оролцогч талуудад цаг хугацаа, зардлын хэмнэлт бий болох, ипотекийн даатгалтай холбоотой аливаа маргааны тоо буурах, цаашилбал даатгуулагчийн эрх ашиг хамгаалагдахаас гадна урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгох замаар ипотекийн зээлийн системд эерэг нөлөөг үзүүлэх давуу талтай.

Холбоотой мэдээ