СЭЛЭНГЭ: Бид түүхээ мартахгүй

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-11 16:39:48

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Монгол түмний төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, уран зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго дор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулдаг Музейн өдрүүд Сэлэнгэ аймагт үргэлжилж байна.

 

Энэ өдөр аймгийн Нэгдсэн музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Сэлэнгэ аймгийн анхны аж үйлдвэрүүдийн түүхийг өгүүлсэн “Бид мартахгүй” цахим үзэсгэлэнгээ дэлгэжээ.  

 

Ардын хувьсгалын анхны жилүүдэд Алтанбулаг, Баруунхараад анхны авто тээврийн буудал, Цагаан эрэгт “Совмонголторг” нэгдлийн дамжлага бааз байгуулагдаж, Алтанбулаг, Цагаан-Эрэг, Улаанбаатарын дардан зам өргөжсөн байна.

 

1930-аад оноос эхлэн ЗХУ-ын техник, эдийн засаг, мэргэжилтний тусламжтайгаар Ерөөгийн модны завод, Бургалтай, Зүүнбүрэн зэрэг газруудад өвс хадах, мал аж ахуйн машинт станц 10 байгуулсан нь Сэлэнгэ аймагт улсын социалист аж ахуй цаашид хөгжих үндэс суурь болжээ.

 

1940-өөд оны дундаас Алтанбулаг, Улаанбаатарын хооронд авто замыг тодорхойлж, ЗХУ-ын Наушка өртөөнөөс Сүхбаатар, Улаанбаатарыг холбосон төмөр зам тавьснаар Сэлэнгэ нутгийн хөгжилд шинэ хуудас нээжээ.

 

Зүүнхараа, Дархан, Баруунхараа, Түнхэл зэрэг суурин газрууд бий болж, Дулаанхааны мод дамжуулах бааз, Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуй зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд байгуулагдсан байна.

 

Улмаар Зүүнбүрэн, Ерөө, Орхон, Зэлтэр зэрэг сумдад 1959 онд атрын анхны шанг татаж, САА-нууд үүсэж, Монгол оронд газар тариалангийн эхлэл тавигдсан байна.

 

1960-аад оны эхнээс мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх, ХАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үндсэн дээр ЗХУ-ын буцалтгүй тусламжтайгаар Баруунхараа тэжээлийн үйлдвэр баригдаж, Алтанбулаг, Дархан, Орхонтуул, Зүүнхараад САА-нууд байгуулж, Шаамар, Хүдэрт тэжээлийн аж ахуй байгуулжээ.   

 

Гурилын комбинат: Сүхбаатар хотын Гурилын комбинат ЗХУ-ын техник төхөөрөмж мэргэжилтний туслалцаатайгаар 1961 онд баригдаж дуусаад ашиглалтад орсон манай орны том үйлдвэрийн нэг бөгөөд эх орныхоо гурилын хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

 

Гурилын комбинат будаа хадгалах, цэвэрлэх, элеваторын цех, будаа тээрэмдэж гурил болгох тээрмийн цех, шар будаа тээрэмдэж гурил болгох тээрмийн цех, шар будаа боловсруулах цех, усан системтэй насосын станцтай өвч бүрэн механикжсан үйлдвэр юм.

 

Тус комбинат жилдээ 250 хүнтэйгээр ажиллаж 30,0 мянган тонн гурил, 8-15 мянган тонн шар будаа үйлдвэрлэх ба 32,0 мянган тонн үр тариа хадгалах хүчин чадалтай юм. Одоо тус үйлдвэр нь хүчин чадлаараа ашиглагдаж улсын төлөвлөгөөт даалгаврыг биелүүлдэг тэргүүний үйлдвэрийн нэг болжээ.

 

 

Мод боловсруулах комбинат: 1959 онд ашиглалтанд орсон Сүхбаатар хотын мод боловсруулах комбинат жилдээ 20,0 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий нэг загварын байшин, 20,0-25,0 мянган хавтгай дөрвөлжин метр цонх хаалга, 10,0 хавтгай дөрвөлжин  метр цонх хаалга, 10,0 мянган хавтгай дөрвөлжин метр шахмал ба наамал фанер, 27,0 мянган шоо дөрвөлжин метр зүсмэл материал хийх хүчин чадалтай байжээ.

 

Үйлдвэрийн гол ажил нь механикжсан. 400 орчим ажилчинтай, Улсаас өгсөн даалгаврыг амжилттай биелүүлж байв.  

 

Чүдэнзний фабрик: 1956 онд ашиглалтанд орсон Чүдэнзний үйлдвэр нь тухайн үедээ хүчин чадал нь бага байсныг БНАГУ-ын мэргэжилтэн ажилчид, техникийн тусламжтайгаар бүрэн төхөөрөмжилж өргөтгөн шинэчилснээр жилдээ 50 сая хайрцаг чүдэнз гаргах хүчин чадалтай болжээ.

 

Чүдэнзний фабрик зөвхөн 1967 онд 18,6 сая чүдэнз үйлдвэрлэсэн байна. Уг үйлдвэр тухайн үедээ үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд ажилчдын мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх ажлыг зохион байгуулж байсан байна.

 

Хүнсний комбинат: Аймгийн хүнсний комбинат 1941 онд байгуулагджээ. Тэр үед жилдээ 100 тонн талх, 50 тонн нарийн боов хийж байсан байна. Улмаар өргөжин харьяа салбартай болж, 675 тонн талх, 210 тонн нарийн боов, 40-45 тонн пүнтүүз, гоймон, 70,0 мянган литр архи, 45 тонн цөцгийн тос үйлдвэрлэдэг, 100 шахам ажилчидтай байжээ.  


 

Сонины газар: Аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл “Сүхбаатарын туг” сонины үйлдвэр 1948 онд байгуулагдахдаа 20 хүрэхгүй ажилчидтай, 400-500 хэвлэлийн даралт хуудас гаргадаг ганцхан хэвлэлийн жижиг машинтай байжээ.

 

Улмаар өргөх, хэвлэх, дэвтэрлэх, цайр, зураг хийх тасагтай, орчин үеийн хэвлэлийн хэд хэдэн өндөр бүтээмж бүхий машинтай болж ажилчдын тоо нь бараг 2 дахин нэмэгдэж, жилдээ 60,0 гаруй мянган төгрөгийн бүтээгдэхүүн хийдэг байжээ.

 

Үүний гол нь сонин, бусад хэвлэл, ном гэсэн 3 чиглэлээр төв орон нутгийн үйлдвэр аж ахуй, албан газрын захиалгат зүйлийг хэвлэн гаргадаг байв.